Буцах
2025-02-20

ЭЛОН МАСКИЙН DOGE ҮНЭТ ЦААСНЫ ХОРООГ ШАЛГАНА

Милей асуудалд оров

Аргентин Улсын Ерөнхийлөгч Х.Милей LIBRA токенийг ендорс хийж дэмжсэн нь асуудал дагуулав. Solana блокчэйн сүлжээн дээр бүтээгдсэн уг токены талаар Х.Милей өнгөрсөн долоо хоногт өөрийн Х хуудсаараа жиргэсэн бөгөөд уг жиргээний дараа буюу 2-р сарын 14-ний өдөр тус токены үнэлгээ 4.56 тэрбум ам.долларын зах зээлийн үнэлгээнд хүрсэн. 

Учир нь Милейгийн жиргээний дараа LIBRA токен бүхий дор хаяж 8 хэтэвчнээс 107 сая ам.долларын токенийг заран гарснаар үнэ унаж эхэлсэн байна. Улмаар 11 цагийн дараа гэхэд тус токены үнэ 94% унаж 257 сая ам.долларын үнэлгээнд хүрч “навс” унав. Энэ асуудал сөрөг хүчнийхний хувьд сайхан олз болов. Тухайлбал тус улсын парламент дахь сөрөг хүчний гишүүн Леандро Санторогийн хэлснээр энэхүү скандал нь биднийг олон улсын тавцанд “шившиг” болгож байгаа бөгөөд биднийг Ерөнхийлөгчийг огцруулах үйл явц (импичмэнт) эхлүүлэхэд хүргэж байна гэв. Ерөнхийлөгч Милей уг Libra төслийн тухай дэлгэрэнгүй мэдээгүй бөгөөд тус төслийг санаачлан хэрэгжүүлэгч KIP Protocol компанитай ямар нэгэн холбоогүй болохоо уг токений үнэ унасны дараа жиргэсэн байна. Ерөнхийлөгч Милей жиргээндээ тус токенийг Аргентиний эдийн засгийн өсөлтийг дэмжихэд зориулсан хувийн төсөл хэмээн онцолсон байна. Мөн тус токений вэб хуудас болон гэрээний хаягийг жиргээндээ оруулсан байна.

Блокчэйнд анализ хийдэг Bubblemaps компани Libra токений нийлүүлэлтийн 82% нь түгжигдээгүй бөгөөд анхнаасаа зарагдахад бэлэн байсныг анхааруулж байжээ.  


GOLDMAN SACHS бодлоо өөрчлөв

Нийт 3 триллион ам.долларын хөрөнгө удирддаг АНУ-ын хөрөнгө оруулалтын томоохон банк болох Goldman Sachs олон жил криптовалютыг “даапаалсныхаа” дараа үгээрээ биш ч үйлдлээрээ өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрч эхлэв. Учир нь тус компани өнгөрсөн оны сүүлийн улиралд өөрийн этэриумийн холдингоо 2000%, харин биткойны холдингоо 114% нэмэгдүүлсэн байна. Тухайлбал АНУ-ын Үнэт цаасны хорооноос гаргасан мэдээлэлд 2024 оны 4-р улиралд Goldman Sachs компани 1,28 тэрбум ам.долларын үнэ бүхий Blackrock компанийн гаргасан спот биткойны биржээр арилждаг сан буюу ETF-г мөн 288 сая ам.долларын үнэ бүхий Fidelity компанийн гаргасан ETF-г худалдаж авсан байна. Түүнчлэн тус компани нь Grayscale-ийн гаргасан 3,6 сая ам.долларын үнэ бүхий биткойны ETF-н хувьцааг эзэмшиж байгаа ажээ.

Тус компани дээрх хугацаанд этэриумийн ETF-д нийт 476 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. Goldman Sachs-ийн дээрх үйлдэл нь байгууллагын хөрөнгө оруулагчид криптовалютын зах зээлд эргэлт буцалтгүй орж эхэлснийг харуулж байна. 


ЭЛОН МАСКИЙН DOGE үнэт цаасны хороог шалгана

Тэрбумтан Элон Маскийн тэргүүлсэн Засгийн газрын үр нөлөөг дээшлүүлэх агентлаг (DOGE) Ерөнхийлөгч Д.Трампийн шийдвэрээр шинээр байгуулагдан ажиллаж байгаа. Энэхүү агентлагын гол зорилго нь тус улсын төрийн байгууллагуудын үргүй зардлыг бууруулахаар ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд удахгүй Үнэт цаасны хороонд ажиллах аж. Тэрээр Үнэт цаасны хороотой сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд таарамжгүй харьцаатай байсаар ирсэн. Тухайлбал Э.Маск Твиттерийн хувьцааг 2022 онд худалдаж авах үедээ хуульд заасан шаардлагыг биелүүлээгүй гэж Үнэт цаасны хороо үзэн түүний эсрэг шүүхэд гомдол гаргаж байсан. Мөн Э.Маск уг асуудалтай холбоотойгоор тус байгууллагыг “Бүрэн дампуурсан газар” хэмээн жиргэж байжээ. 

DOGE ийнхүү Үнэт цаасны хороонд шалгалт оруулахаар болсныг АНУ-ын парламент дахь сөрөг хүчнийхэн дургүй байна. Тухайлбал Төлөөлөгчдийн танхим дахь Санхүүгийн үйлчилгээний байнгын хорооны дарга М.Уотерс “Э.Маск болон DOGE Үнэт цаасны хорооны дотоод системд нэвтрэх нь санхүүгийн чухал дата мэдээллийг хянадаг, хадгалдаг Үнэт цаасны хорооны эрх үүрэгт сөргөөр нөлөөлнө” гэж онцлон хэлжээ.

Эх сурвалж:

Milei faces impeachment threat after $107M crypto 'rug pull' | Bitget News

Crypto Biz: Goldman Sachs stacks ETH, BTC

Crypto Biz: Goldman Sachs stacks ETH, BTC

Musk's DOGE expected to arrive at SEC in coming days - POLITICO


Зах зээлийн сентимент одоо ямар байна вэ?


Крипто зах зээлийн үнэлгээ, биткойн болон алткойны доминанс


Крипто үнэ

Пүрэв гарагийн 09:54 цагийн байдлаар нэгж биткойны үнэ 96,719 ам.доллар байна. Сүүлийн 7 өдрийн байдлаар биткойн 1.38%-ийн уналттай харин сүүлийн 24 цагийн байдлаар 1.48% өсөлттэй байна. Доорх зургаас биткойны үнийн долоо хоногийн чартыг харна уу. 

Биткойны үнийн 7 хоногийн график

Биткойны зах зээлийн үнэлгээ Пүрэв гарагийн 09:35 цагийн байдлаар 1,916 триллион ам.доллар харин нийт криптовалютын зах зээлд эзлэх хувийн жин буюу доминанс нь 61.16% байна.

Харин этэриумийн хувьд үнэ нь Пүрэв гарагийн 09:57 цагийн байдлаар 2,718 ам.доллар байна. Сүүлийн 7 өдрийн байдлаар ETH үнэ 1.47%-ийн уналттай, сүүлийн 24 цагийн байдлаар 1.82%-ийн өсөлттэй байна. Доорх зургаас этэриумийн үнийн долоо хоногийн чартыг харна уу. 

Этэриумийн үнийн 7 хоногийн график

Этэриумийн зах зээлийн үнэлгээ Пүрэв гарагийн 09:58 цагийн байдлаар 327 тэрбум ам.доллар, харин нийт криптовалютын зах зээлд эзлэх хувийн жин буюу доминанс нь 10.45% байна.

Топ алткойнууд (ETH ороогүй)-ын ханшийн мэдээллийг доорх харьцуулсан зургаас харна уу. 


Эх сурвалж:

Cryptocurrency Prices, Charts And Market Capitalizations | CoinMarketCap

Crypto Fear & Greed Index - Bitcoin Sentiment - Alternative.me


АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээнд орсон үнийн таамаг, шинжээчдийн мэдээлэл нь санхүүгийн зөвлөгөө биш бөгөөд зөвхөн мэдээллийн чанартай болохыг анхаарна уу!