Биткойны доминанс 60% өсөв
Нийт криптовалютын зах зээлд эзлэх биткойны хувийн жин буюу доминанс өнгөрсөн Даваа гарагт 60% өсч 2021 оны 2-р сараас хойших дээд цэгтээ хүрэв. Биткойны доминанс өссөн нь томоохон алткойнууд болох ETH, XRP, SOL-ийн доминанс унасантай холбоотой. Өнгөрсөн Даваа гарагийн үнийн уналт ялангуяа алткойнуудын фючерс long арилжаа (үнийн өсөлтөөс ашиг олохоор арилжаа хийгсэд) хийгчдэд хүндхэн цохилт болов. Тодруулбал фючерс арилжаагаар нийт 2 тэрбум орчим ам.долларын крипто арилжааны данс шатсан буюу liquidated болсон байна. Үүнээс алткойны арилжаагаар шатсан дансны тоо дийлэнх хэсгийг бүрдүүлж байгаа бол биткойны фючерс арилжаагаар зөвхөн 117,4 сая орчим ам.долларын данс шатсан байна.
Үнийн уналтын гол шалтгааныг шинжээчид Ерөнхийлөгч Д.Трамп Канад, Мексик улсуудаас АНУ руу хийж буй экмпортод 25%, Хятадын зарим бараа, бүтээгдэхүүний экспортод 10%-ийн тариф тогтооно гэж мэдэгдсэнээс үүдэн хөрөнгө оруулагчдийн сэтгэл зүйд айдас үүсч, их хэмжээний заралт явагдсантай холбож байна.
TRUMP ETF гаргана
Өнгөрсөн сард өөрийн “meme койн”-ийг эхнэртэйгээ хамт хослон гаргасан АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампийн эзэмшлийн Trump Media and Technology компани энэ ондоо багтаан ETF гаргахаа зарлав. Биржээр өөрийн арилждаг сан (Exchange traded fund) гэдэг нь алт, биткойн гэх мэт бодит болон цахим хөрөнгийн үнийг дагаж үнэ нь хэлбэлздэг сангийн хувьцаа юм. Жишээ нь дурын хөрөнгө оруулагч спот биткойны үнийг дагадаг ETF-ийг хувьцааны зах дээрээс худалдан авснаар Binance гэх мэт крипто биржид данс нээхгүйгээр шууд биткойн эзэмших боломжтой болно.
Trump Media and Tech компанийн мэдээлснээр тус компани нэг биш гурван ETF гаргах ажээ. Жишээ нь биткойны үнийг дагах ETF нь Truth.Fi Bitcoin Plus ETF гэсэн нэрээр гарах бөгөөд нөгөө хоёр нь Truth.Fi Made in America болон Truth.Fi Energy Independence гэсэн нэрээр гарах ажээ. АНУ-ын Үнэт цаасны хороо дээрх ETF гаргах хүсэлтийг судалж үзээд тусгай зөвшөөрөл олгох эсэхээ шийднэ. Д.Трамп тус улсын Үнэт цаасны хорооны даргаар Гэри Генслэрийн оронд Пол Аткинсоныг өнгөрсөн сард томилсон билээ. Спот биткойн хамгийн анхны ETF-үүд өнгөрсөн оны 1-р сард анх гарсан даруйдаа их хэмжээний хөрөнгийг зах зээлээс татан төвлөрүүлээд байгаа билээ. Тухайлбал Blackrock компанийн iShares Bitcoin Trust (IBIT) гарсан эхний жилдээ 52,3 тэрбум ам.долларын хөрөнгийг татан төвлөрүүлсэн нь АНУ-ын ETF-ийн түүхэн дэх хамгийн амжилттай ETF болсон билээ.
MICROSTRATEGY брэндийнгээ шинэчлэв
NASDAQ-т хувьцаагаа арилждаг MicroStrategy (MSTR) өөрийн нүүр царай, брэндингээ өөрчлөв. Тухайлбал нэрээ сольж Strategy болов. Дэлхий дээрх хамгийн олон биткойн эзэмшдэг нээлттэй компани болохын хувьд logo дээрээ “B” үсэг нэмж, дэвсгэр өнгөө эрч хүч, оюун ухааныг бэлгэдэн “улбар шар” болгосон байна. Тус компани нь нийт 471,107 ширхэг биткойн эзэмшдэг бөгөөд 2027 он гэхэд нийт 42 тэрбум ам.долларыг өөрийн 21/21 гэсэн төлөвлөгөөний дагуу хөрөнгийн зах зээлээс босгох төлөвлөгөөтэй байгаа ажээ.
Эх сурвалж:
Bitcoin's Dominance Hits Highest Level Since 2021 Amid Altcoin Losses: Is Recovery Coming?
Trump’s Social Media Company Takes Steps To Launch Bitcoin (BTC) ETF
MicroStrategy Rebrands As Strategy, Unveils New Logo And Bitcoin-Focused Identity
Зах зээлийн сентимент одоо ямар байна вэ?
Зах зээлийн сентимент одоогийн буюу Лхагва гарагийн байдлаар 46 буюу “Айдас”-ын төлөвт байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногийн (54) буюу “завсрын”-ын үзүүлэлттэй харьцуулахад зах зээлийн тоглогчдын сэтгэл зүй гутранги, айдастай болсон байна.
Крипто үнэ
Лхагва гарагийн 09:32 цагийн байдлаар нэгж биткойны үнэ 95,874 ам.доллар байна. Сүүлийн 7 өдрийн байдлаар биткойн 2.49%-ийн уналттай харин сүүлийн 24 цагийн байдлаар 2.20% уналттай байна. Доорх зургаас биткойны үнийн долоо хоногийн чартыг харна уу.
Биткойны үнийн 7 хоногийн график
Биткойны зах зээлийн үнэлгээ Лхагва гарагийн 09:35 цагийн байдлаар 1,9 триллион ам.доллар харин нийт криптовалютын зах зээлд эзлэх хувийн жин буюу доминанс нь 61.35% болж өнгөрсөн долоо хоногийн мөн үеэс өсөв.
Харин этэриумийн хувьд үнэ нь Лхагва гарагийн 09:35 цагийн байдлаар 2,608 ам.доллар байна. Сүүлийн 7 өдрийн байдлаар ETH үнэ 4.78%-ийн уналттай, сүүлийн 24 цагийн байдлаар 3.45%-ийн уналттай байна. Доорх зургаас этэриумийн үнийн долоо хоногийн чартыг харна уу.
Этэриумийн үнийн 7 хоногийн график
Этэриумийн зах зээлийн үнэлгээ Лхагва гарагийн 09:33 цагийн байдлаар 314 тэрбум ам.доллар, харин нийт криптовалютын зах зээлд эзлэх хувийн жин буюу доминанс нь 10.13% болж буурсан байна.
Топ алткойнууд (ETH ороогүй)-ын ханшийн мэдээллийг доорх харьцуулсан зургаас харна уу.
Эх сурвалж:
Cryptocurrency Prices, Charts And Market Capitalizations | CoinMarketCap
Crypto Fear & Greed Index - Bitcoin Sentiment - Alternative.me
АНХААРУУЛГА:
Энэхүү мэдээнд орсон үнийн таамаг, шинжээчдийн мэдээлэл нь санхүүгийн зөвлөгөө биш бөгөөд зөвхөн мэдээллийн чанартай болохыг анхаарна уу!