Deepseek хөрөнгийн зах зээлийг уналтад хүргэв
Хятадын хиймэл оюун ухааны чатбот DeepSeek өнгөрсөн долоо хоногт АНУ болон Европын хөрөнгийн зах зээл дэх технологийн салбарын томоохон компаниудын (Тухайлбал Nvidia, Microsoft, Meta, Google-ийн толгой компани Alphabet зэрэг) хувьцааны үнэ унах гол шалтгаан болов. Түүнчлэн биткойны үнэ 1-р сарын 27-ны өдөр 98,046 ам.доллар хүрч унасныг шинжээчид DeepSeek-тэй холбож байна. Энэ нь Д.Трамп Ерөнхийлөгчийн тангарагаа 2025 оны 1-р сарын 20-ны өдөр өргөснөөс хойш анх удаа биткойны үнэ 100 мянган ам.доллараас доош орж унасан тохиолдол болов.
DeepSeek-V3 гэх нээлттэй эх бүхий модел нь маш хямд өртгөөр буюу 6 сая орчим ам. доллараар бүтээгдсэн бөгөөд тус чатбот нь өнгөрсөн долоо хоногт АНУ-ын зах зээл дэх хамгийн их татагдсан гар утасны аппликэйшнээр тодров. Ингэснээр өөрийн гол өрсөлдөгч OpenAI компанийн ChatGPT-г ардаа орхисон байна. Олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг татаж буй хиймэл оюун ухааны зах зээлд маш хямд өртгөөр бүтсэн Хятад чатбот ийнхүү амжилт олсон нь хөрөнгө оруулагчдын зүгээс Барууны өрсөлдөгчдийнх нь ашиг орлогод эргэлзэх, улмаар заралт хийж хувьцаануудын ханшийг унагасан гэж шинжээчид таамаглаж байна.
АНУ өндөр чанарын хагас дамжуулагч буюу чипийн технологийг Хятад руу экспортлохыг хориглосон нь сайн чанарын чипийн хязгаарлагдмал нөөц бүхий Хятадын хөгжүүлэгчдийг өмнөхөөс хамаагүй бага зардлаар, илүү хурдан, ухаалаг ажилладаг хиймэл оюун ухааны моделууд хөгжүүлэх сэдлийг өгсөн бөгөөд DeepSeek-ийн өнөөдрийн амжилтын уг үндсийг дээрх шалтгаантай холбож байна.
Тус компанийг 40 настай цахилгааны инженер Лян Вэнфэн 2023 онд Ханжоу хотод үүсгэн байгуулсан байна.
OXX бирж европын холбооны улсуудад үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авав
Арилжааны эргэлтийн хэмжээгээр дэлхийд 4-т ордог OKX бирж Европын Холбооны орнуудад үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлөө авсан тухайгаа 1-р сарын 27-ны өдөр зарлав. Хэрэгжээд удаагүй байгаа Европын Холбооны зах зээлүүд дэх крипто хөрөнгийн журам (MiCA) буюу тус холбооны 30 улсын зах зээлд адил үйлчлэх крипто зах зээлийн журмын дагуух болзлыг OKX бирж бүрэн хангасан бөгөөд уг тусгай зөвшөөрлөө Мальт улсын Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон байна. Дээрх журамд “passporting” гэх зохицуулалт байдаг бөгөөд энэ нь Европын Холбооны нэг улсаас авсан зөвшөөрөл бусад гишүүн улсуудад адил үйлчлэх тухай ойлголт юм.
Тус бирж ЕХ-ны 400 сая гаруй хүн амтай томоохон зах зээлд ийнхүү нэвтэрч байгаа бөгөөд хэрэглэгчиддээ OTC буюу биржээс гадуурх арилжаа, спот арилжаа, BOT ашиглаж арилжих үйлчилгээнүүд санал болгох ажээ. OKX биржтэй мөн адил crypto.com дээрх тусгай зөвшөөрлийг мөн авсан байна.
РОСС УЛБРИХТ-ийг уучлав
Бүх насаараа хоригдох ял аваад шоронд хоригдож байсан, Silk Road онлайн захыг үүсгэн байгуулагч Росс Улбрихтэд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өнгөрсөн Мягмар гарагт уучлал үзүүлэв. Прокурорууд түүнийг биткойн ашиглан нийт 183 сая ам.долларын үнэ бүхий хар тамхи, мансууруулах бодисийг Silk Road захаар дамжуулан худалдаалах боломжийг бүрдүүлсэн үндэслэлээр 2015 онд бүх насаар нь хорих ял оноосон. Түүнийг бусад гэмт этгээдүүдийн хийсэн үйлдлийн өмнөөс “хэлмэгдсэн” гэж криптовалютыг дэмжигчид үзэж байсан бөгөөд Ерөнхийлөгч Д.Трамп түүнийг уучилсан явдлыг крипто салбарын төлөө хийсэн бас нэгэн алхам гэж үзэв.
Криптовалютын шинэ ажлын хэсэг байгуулагдав
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп криптовалютын чиглэлээр ажиллах чиг үүрэг бүхий шинэ ажлын хэсгийг өнгөрсөн Пүрэв гарагт байгуулав. Уг ажлын хэсгийн гол зорилго нь цахим хөрөнгийн тухай шинэ хууль санаачлах болон үндэсний хэмжээний крипто хөрөнгийн нөөц бүрдүүлэх асуудлыг судлах ажээ. Крипто чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудад банкны үйлчилгээ үзүүлэхгүй байх бодлогыг өмнөх засаг захиргаа баримталж байсан гэж үздэг бөгөөд дээрх ажлын хэсэг криптовалютыг дэмждэг банкуудыг хэрхэн хамгаалах талаар тусгайлсан бодлого боловсруулах чиг үүрэгтэй ажээ. Ж.Байдэний засаг захиргаа Америкийн ард иргэдийг цахим гэмт хэргээс хамгаалах уриан доор крипто салбарыг хязгаарлах бодлого баримталж байсан бол Д.Трамп тус салбарыг дэмжсэн “Крипто Ерөнхийлөгч” болно гэдгээ сонгуулийн кампанит ажлынхаа үеэр зарлаж байсан билээ.
Эх сурвалж:
DeepSeek Chinese AI chatbot sparks market turmoil for rivals
DeepSeek Chinese AI chatbot sparks market turmoil for rivals
Top Cryptocurrency Exchanges Ranked By Volume | CoinMarketCap
OKX and Crypto.com secure full MiCA licenses in European Union
OKX Malta hub gains MiCA pre-authorization for European expansion
Bitcoin falls below $100K for the first time under Trump presidency
Drug marketplace founder Ross Ulbricht speaks out after Trump pardon | Technology News | Al Jazeera
Trump orders crypto working group to draft new regulations, explore national stockpile | Reuters
Зах зээлийн сентимент одоо ямар байна вэ?
Зах зээлийн сентимент одоогийн буюу Мягмар гарагийн байдлаар 71 буюу “шунал”-ын төлөвт байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногийн (76) буюу “хэт шунал”-ын үзүүлэлттэй харьцуулахад зах зээлийн тоглогчдын сэтгэл зүй илүү гутранги болжээ.
Крипто зах зээлийн үнэлгээ, биткойн, этэриумийн хувийн жин
Крипто зах зээлийн үнэлгээ болон үүнд эзлэх биткойн, этэриум болон алткойнуудын хувийн жинг доорх зургаас харна уу.
Крипто үнэ
Мягмар гарагийн 07:54 цагийн байдлаар нэгж биткойны үнэ 101,939 ам.доллар байна. Сүүлийн 7 өдрийн байдлаар биткойн 0.05%-ийн уналттай харин сүүлийн 24 цагийн байдлаар 0.51% уналттай байна. Доорх зургаас биткойны үнийн долоо хоногийн чартыг харна уу.
Биткойны үнийн 7 хоногийн график
Биткойны зах зээлийн үнэлгээ Мягмар гарагийн 08:01 цагийн байдлаар 2,02 триллион ам.доллар харин нийт криптовалютын зах зээлд эзлэх хувийн жин буюу доминанс нь 59.10% болж өнгөрсөн долоо хоногоос бага зэрэг өссөн байна.
Харин этэриумийн хувьд үнэ нь Мягмар гарагийн 07:55 цагийн байдлаар 3,175 ам.доллар байна. Сүүлийн 7 өдрийн байдлаар ETH үнэ 2.96%-ийн уналттай, сүүлийн 24 цагийн байдлаар 1.29%-ийн уналттай байна. Доорх зургаас этэриумийн үнийн долоо хоногийн чартыг харна уу.
Этэриумийн үнийн 7 хоногийн график
Этэриумийн зах зээлийн үнэлгээ Мягмар гарагийн 08:02 цагийн байдлаар 384.5 тэрбум ам.доллар, харин нийт криптовалютын зах зээлд эзлэх хувийн жин буюу доминанс нь 11.17% байна.
Топ алткойнууд (ETH ороогүй)-ын ханшийн мэдээллийг доорх харьцуулсан зургаас харна уу.
Эх сурвалж:
Cryptocurrency Prices, Charts And Market Capitalizations | CoinMarketCap
Crypto Fear & Greed Index - Bitcoin Sentiment - Alternative.me
АНХААРУУЛГА:
Энэхүү мэдээнд орсон үнийн таамаг, шинжээчдийн мэдээлэл нь санхүүгийн зөвлөгөө биш бөгөөд зөвхөн мэдээллийн чанартай болохыг анхаарна уу!