АЖИЛГҮЙДЛИЙН ТҮВШИН БУУРАВ
Өнгөрсөн 12-р сард АНУ-д 256,000 шинэ ажлын байр нэмэгдэв. Энэ нь өнгөрсөн оны 3-р сараас хойших хамгийн өндөр сарын өсөлт болов. Эдийн засагчид өнгөрсөн сард ажлын байр 120,000-200,000-аар нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байсан ч хүлээлтээс ийнхүү давав. Ингэснээр тус улсын ажилгүйдлийн түвшин 4,2%-аас буурч 4,1%-д хүрэв.
Ажилгүйдлийн түвшин ийнхүү буурсан нь тус улсын Холбооны нөөцийн сан (төв банк) энэ онд бодлогын хүүг бууруулах магадлалыг улам багасгав. Өнгөрсөн 12-р сарын 18-ны өдөр Холбооны нөөцийн сангийн тэргүүн Ж.Пауэл “2025 онд бодлогын хүүг бууруулах эсэх асуудалд маш болгоомжтой хандана” хэмээн мэдэгдсэн нь энэ онд бодлогын хүү огцом буурахгүй юм байна гэсэн дохиог зах зээлд өгсөн билээ. Энэ долоо хоногийн Лхагва гарагт буюу 1-р сарын 15-ны өдөр өнгөрсөн сарын инфляцийн өсөлтийн хэмжээг зарлах бөгөөд инфляцийн түвшин хэрэв хүлээлтээс өндөр гарвал энэ нь хувьцааны болон криптовалютын зах зээлд үнийн уналтыг үүсгэж магадгүй байна. Төв банкны Нээлттэй зах зээлийн хороо энэ 1-р сарын 28-29-ний өдрүүдэд хуралдаж, бодлогын хүүг бууруулах эсэхийг хэлэлцэж, шийдвэрлэх бөгөөд үүнд инфляцийн өсөлтийн мэдээ чухал нөлөө үзүүлэх төлөвтэй байна.
21 САЯ БИТКОЙН ХААНА БАЙНА ВЭ?
Биткойны нийт нийлүүлэлт 21 сая билээ. Тэгвэл энэхүү 21 сая биткойныг хэн эзэмшиж, хэд нь алга болсон тухай сонирхолтой задаргаа гарчээ. Үүнд:
Нийт биткойны 57% нь буюу талаас илүү нь хувь хүмүүсийн эзэмшилд байна.
17.6% нь алга болсон
6.6% хараахан олборлогдоогүй байгаа
5.2% нь Сатошигийн хэтэвчинд байгаа
3.9% -г биткойны ETF сангууд худалдаж авсан
3.6%-г компаниуд эзэмшиж байна
3.4% нь олборлогчдын эзэмшилд байна
2.7% нь Засгийн газруудын эзэмшилд байна.
БИТКОЙНЫ СТРАТЕГИЙН НӨӨЦ БҮРДҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ САНААЧЛАВ
АНУ-ын Нью Хэмпшэр болон Хойд Дакота мужуудын Төлөөлөгчдийн танхим буюу парламентад суугаа Бүгд найрамдах намын зарим гишүүд биткойны стратегийн нөөц бүрдүүлэх асуудлаар хуулийн төсөл санаачилан, хэлэлцүүлэхээр оруулсан байна.
Сатоши Акшэн Фанд-ийн Гүйцэтгэх захирал Дэннис Портерийн жиргэснээр Нью Хэмпшэрийн хуулийн төслийг Бүгд Найрамдах намын гишүүн Кит Аммон (Keith Ammon) санаачлан оруулсан байна. Уг хуулийн төсөлд “биткойны стратегийн нөөц” гэж тусгайлан нэрлээгүй, харин “цахим хөрөнгө” гэж нэрлэн оруулсан байна. Харин Хойд Дакота мужийн парламентад оруулсан хуулийн төслийг нийт 11 гишүүн санаачилж, боловсруулсан байна.
Ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр АНУ-ыг дэлхийн криптовалютын нийслэл болгоно, түүнчлэн их хэмжээний биткойн худалдан авахыг Сангийн яаманд үүрэг болгоно гэж амалж байсан билээ. Зарим шинжээчдийн үзэж буйгаар түүнийг Ерөнхийлөгчийн тангараг өргөснийхөө маргааш өдөр л биткойны стратегийн нөөц үүсгэх тухай зарлиг буулгана гэж үзэж байгаа бол зарим хэсэг нь ийм магадлал бага гэж үзэж байна.
2024 ОН БА БИТКОЙНЫ ETF-ҮҮД
Спот биткойны биржээр арилждаг сан (ETF)-гуудын хувьцаа АНУ-ын хөрөнгийн захуудаар 2024 оны 1-р сарын 11-ний өдрөөс дээр арилжигдаж эхэлснээс хойш нэг жилийн дараа орсон цэвэр хөрөнгө нь 36 тэрбум ам.доллар байна. Харин нийт сангуудийн хөрөнгийн үнэлгээ нь 129 тэрбум ам.доллар байна. Анх зах зээлд гарснаас хойш 1 жилийн дараах мөнгөн хөрөнгө татсан үзүүлэлтээр бүх цаг үеийн хамгийн шилдэг 20 ETF сангууд дотор спот биткойны 4 сан ороод байна (Доорх зургаас харна уу).
Түүнчлэн биткойны ETF сангууд руу орсон хөрөнгийн хэмжээг 2004 онд анх гарсан алтны ETF-тэй харьцуулахад хамаагүй их хөрөнгө биткойн руу орсон байна. Доорх харьцуулсан диаграмыг харна уу.
BYBIT БИРЖИЙН ЭНЭТХЭГ ДЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТҮР ЗОГСООВ
Дэлхийн томоохон крипто биржийн нэг болох Bybit Энэтхэг дэх үйл ажиллагаагаа хууль, эрх зүйн шаадлагаас болж түр зогсоосон байна. Тодруулбал 1-р сарын 12-ны 08:00 цагаас эхлэн крипто арилжаа хийх, шинээр данс нээх зэрэг үйлчилгээг зогсоосон байна. Харин хэрэглэгчид мөнгөө данснаасаа татах үйлчилгээ хэвийн ажиллаж байгаа ажээ.
Малайз Улсын Үнэт цаасны хороо тус биржийг тусгай зөвшөөрөл авалгүйгээр үйл ажиллагаа явуулсан хэмээн үйл ажиллагааг нь зогсоох тухай мэдэгдлийг 2024 оны 12-р сард гаргаж байсан бөгөөд тус бирж хуулийн шаардлагыг бүрэн хангасан тухайгаа 12-р сарын 27-ны өдөр мэдэгдсэн.
САНХҮҮГИЙН ЗӨВЛӨХҮҮДИЙН 56% НЬ КРИПТОД ХӨРӨНГӨ ОРУУЛНА
Bitwise-аас АНУ-д үйл ажиллагаа явуулдаг 430 санхүүгийн зөвлөхүүд дунд явуулсан судалгаагаар нийт судалгаанд хамрагдагсдын 56% нь Д.Трамп Ерөнхийлөгчийн сонгуульд ялсны дараа криптовалютад хөрөнгө оруулалт хийхэд илүү нээлттэй болсон гэж мэдүүлжээ. Мөн эдгээр зөвлөхүүдийн үйлчлүүлэгчдийнх нь 71% нь бие даан криптод хөрөнгө оруулсан ажээ. Гэсэн хэдий ч зөвлөхүүд үйлчлүүлэгчдийнхээ өмнөөс криптовалют чөлөөтэй арилжих байдал хязгаарлагдмал байгаа бөгөөд дээрх зөвлөхүүдийн 35% нь үйлчлүүлэгчдийнхээ дансаар тэдний өмнөөс криптовалютын худалдаа хийх боломжтой ажээ. CryptoQuant-ийн мэдээлснээр АНУ-д үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагуудын эзэмшдэг биткойны хэмжээ энэ оны 1-р сарын 9-ний өдөр хамгийн дээд цэгтээ хүрсэн байна. Тодруулбал тус улс дахь аж ахуйн нэгжүүд нийт биткойны 65%-ийг дангаараа эзэмшиж байна.
Эх сурвалж:
US labor market exits 2024 with strong job gains, drop in unemployment rate | Reuters
Bitcoin ETF Boom : A Historic Shift In Finance
New Hampshire, North Dakota introduce bills for Strategic Bitcoin Reserve
Gold ETF Vs Bitcoin ETF: Everything You Need to Know | CoinCodex
Bybit exchange suspends services in India due to regulatory pressure
US entities hold 65% more Bitcoin than offshore players — CryptoQuant
ЗАХ ЗЭЭЛИЙН СЕНТИМЕНТ ОДОО ЯМАР БАЙНА ВЭ?
Зах зээлийн сентимент одоогийн буюу Даваа гарагийн байдлаар 61 буюу “шунал”-ын төлөвт байна. Энэ нь өнгөрсөн долоо хоног үзүүлэлт (76) буюу “хэт шунал”-ын төлөвт байсантай харьцуулахад зах зээлийн тоглогчдын сэтгэл зүй илүү гутранги болсон байна.
КРИПТО ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ, БИТКОЙН, ЭТЭРИУМИЙН ХУВИЙН ЖИН
Крипто зах зээлийн үнэлгээ болон үүнд эзлэх биткойн, этэриум болон алткойнуудын хувийн жинг доорх зургаас харна уу.
КРИПТО ҮНЭ
Даваа гарагийн 13:20 цагийн байдлаар нэгж биткойны үнэ 94,315 ам.доллар байна. Сүүлийн 7 өдрийн байдлаар биткойн 5.21%-ийн уналттай харин сүүлийн 24 цагийн байдлаар 0.21% уналттай байна. Доорх зургаас биткойны үнийн долоо хоногийн чартыг харна уу.
Биткойны үнийн 7 хоногийн график
Биткойны зах зээлийн үнэлгээ Даваа гарагийн 13:23 цагийн байдлаар 1,86 триллион ам.доллар харин нийт криптовалютын зах зээлд эзлэх хувийн жин буюу доминанс нь 58.21% байна.
Харин этэриумийн хувьд үнэ нь Даваа гарагийн 13:24 цагийн байдлаар 3,228 ам.доллар байна. Сүүлийн 7 өдрийн байдлаар ETH үнэ 12.32%-ийн уналттай, сүүлийн 24 цагийн байдлаар 1.53%-ийн уналттай байна. Доорх зургаас этэриумийн үнийн долоо хоногийн чартыг харна уу.
Этэриумийн үнийн 7 хоногийн график
Этэриумийн зах зээлийн үнэлгээ Даваа гарагийн 13:27 цагийн байдлаар 387.8 тэрбум ам.доллар, харин нийт криптовалютын зах зээлд эзлэх хувийн жин буюу доминанс нь 12.12% байна.
Топ алткойнууд (ETH ороогүй)-ын ханшийн мэдээллийг доорх харьцуулсан зургаас харна уу.
Эх сурвалж:
Cryptocurrency Prices, Charts And Market Capitalizations | CoinMarketCap
Crypto Fear & Greed Index - Bitcoin Sentiment - Alternative.me
АНХААРУУЛГА:
Энэхүү мэдээнд орсон үнийн таамаг, шинжээчдийн мэдээлэл нь санхүүгийн зөвлөгөө биш бөгөөд зөвхөн мэдээллийн чанартай болохыг анхаарна уу!