ОХУ биткойн олборлолтыг хориглов
ОХУ-ын Засгийн газар тус улсын 10 мужид крипто олборлохыг 2025 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн 6 жилээр хориглосон шийдвэр гаргасан байна. Эдгээр мужуудад Дагестан, Ингушет, Хойд Осетт, Чечень, Херсон, Донецк болон Луганск зэрэг автономит улсууд орж байна.
Харин эрчим хүчний ачааллаас хамаарч зарим мужуудад крипто олборлохыг улирлаар хязгаарласан байна. Тухайлбал Сибирийн бүс нутагт хамаарах Эрхүү, Буриад, Забайкалски гэсэн мужууд өвлийн улиралд эрчим хүчний дутагдалд ордог тул улирлын хязгаарлалт тогтоосон байна. Эрхүү мужид эрчим хүчний үнэ харьцангуй хямд тул ОХУ-ын биткойн олборлолтын гол бүс болдог бөгөөд BitRiver гэх мэт биткойн олборлогч томоохон компаниуд тус мужид олборлолтын үйл ажиллагаа явуулдаг ажээ.
Дээрх хориг 2031 оны 3-р сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
Дү квоныг ану шүүнэ
Монтенегро Улсын Хууль зүйн сайд Бояан Бозович Терраформ Лаб-ийг үүсгэн байгуулагч Дү Квоныг төрөлх БНСУ руу нь биш харин АНУ руу шилжүүлэн өгөх тухай шийдвэрийг гаргасан байна. Luna токен гаргаж улмаар хөрөнгө оруулагчдын олон тэрбум ам.долларын хөрөнгийг салхинд хийсгэсэн хэргээр Монтенегро Улсад баривчлагдан хоригдоод буй Дү Квоныг аль улс руу шилжүүлэх тухай асуудал сүүлийн нэг жил гаруйн хугацаанд үргэлжилсний эцэст ийнхүү нэг тийш болов.
Дү Квоныг өөрийн улсад шилжүүлэн авч, хэргийг нь шүүх хүсэлтийг АНУ болон БНСУ-ын Засгийн газрууд гаргасан. Харин Монтенегро Улс асуудлыг олон талаас нь нухацтай судалсны эцэст Өмнөд Солонгосын хүсэлтээс татгалзаж, АНУ-ын хүсэлтийг хүлээн авсан байна.
RYAN SALAME-гийн ял нэг жилээр буурав
Дампуурсан FTX биржийн гүйцэтгэх удирдлагуудын нэг асан Риан Саламе-д шүүхээс 7,5 жилийн хорих ял оногдуулаад байсан бөгөөд тэрээр энэ оны 10-р сараас эхлэн ялаа эдэлж эхэлсэн. Харин тус улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас түүний эдлэх ялыг 1 жилээр бууруулсан шийдвэрийг гаргасан байна. Тэрээр FTX Digital Markets хэмээх FTX компанийн Багамын арал дахь охин компанийн захирлаар ажиллаж байсан.
Мөн дээрх биржийн хэргээр Алмэйда компанийн захирал К.Эллисонд оногдуулсан 2 жилийн ялыг 3 сараар бууруулсан байна. Тэрээр дээрх хэргийг илрүүлэхэд хууль хүчний байгууллагатай сайн хамтран ажилласан ажээ. Харин хэргийн гол буруутан FTX биржийн гүйцэтгэх захирал Сэм Банкмэн-Фрийдэд шүүхээс 25 жилийн хорих ял оногдуулаад байгаа билээ.
КАМБОЖ улс стэблкойны гүйлгээг хүлээн зөвшөөрөв
Камбож Улсын Үндэсний банк USDC болон USDT зэрэг стэблкойныг ашиглан санхүүгийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийг тус улсын арилжааны банкуудад болон төлбөр тооцооны үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудад олгосон байна.
Тус улс дэлхийн санхүүгийн зах зээлийн цаашдын чиг хандлагад нийцүүлэн түүхэндээ анх удаа дээрх шийдвэрийг гаргасан байна. Уг шийдвэрийн дагуу банк, санхүүгийн байгууллагууд стэблкойныг фиат мөнгө рүү хөрвүүлэх, данс хооронд стэблкойн шилжүүлэх, мөн стэблкойны хадгаламжийн үйлчилгээ үзүүлэх эрхтэй болж байгаа бөгөөд дээрх үйлчилгээг иргэдэд үзүүлэхийн тулд заавал төв банкнаас тусгай зөвшөөрөл урьдчилан авах ёстой ажээ.
MICROSTRATEGY нэмж 5,262 биткойн худалдаж авав
МicroStrategy компани өнгөрсөн долоо хоногт 561 сая ам.доллараар нэмж 5,262 ширхэг биткойн худалдан авсан тухай тус компанийн ТУЗ-ийн дарга М.Сэйлор мэдэгдэв. Одоогоор тус компани 40 тэрбум гаруй ам.доллараар үнэлэгдэх нийт 444,262 биткойнтой бөгөөд дээрх биткойныг худалдан авахад зориулж 27,7 тэрбум ам.доллар зарцуулсан ажээ.
NASDAQ биржэд хувьцаагаа арилждаг тус компанийн хувьцааны үнэ энэ жил 402%-иар өссөн бөгөөд криптовалютын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нээлттэй компаниуд дотроо хувьцааны өсөлтөөр тэргүүлсэн байна.
Эх сурвалж:
Russia bans crypto mining for 6 years in 10 regions
FTX executives shave time off their sentences | CNN Business
Cambodia’s NBC approves Stablecoins and Backed Coins, but excludes Bitcoin - Khmer Times
Bitcoin investors eye 'January effect' | Weekly Recap
Зах зээлийн сентимент одоо ямар байна вэ?
Зах зээлийн сентимент одоогийн буюу Мягмар гарагийн байдлаар 64 буюу “шунал”-ын төлөвт байна. Энэ нь өнгөрсөн долоо хоног үзүүлэлт (83) буюу “хэт шунал”-ын төлөвт байсантай харьцуулахад зах зээлийн тоглогчдын сэтгэл зүй илүү гутранги болсон байна.
Крипто зах зээлийн үнэлгээ, биткойн, этэриумийн хувийн жин
Крипто зах зээлийн үнэлгээ болон үүнд эзлэх биткойн, этэриум болон алткойнуудын хувийн жинг доорх зургаас харна уу.
Топ алткойнууд (ETH ороогүй)-ын ханшийн мэдээллийг доорх харьцуулсан зургаас харна уу.
АНХААРУУЛГА:
Энэхүү мэдээнд орсон үнийн таамаг, шинжээчдийн мэдээлэл нь санхүүгийн зөвлөгөө биш бөгөөд зөвхөн мэдээллийн чанартай болохыг анхаарна уу!