Гари генслэр ажлаа өгнө
АНУ-ын Үнэт цаасны хорооны дарга Г.Генслэр үүрэгт ажлаасаа 2025 оны 1-р сарын 20-ны өдөр өөрийн хүсэлтээр халагдах болсноо өнгөрсөн Пүрэв гарагт зарлав. Сүүлийн жилүүдэд криптовалютын салбарт авч хэрэгжүүлсэн олон шийдвэрүүд, арга хэмжээ нь түүнийг тус салбарын “дайсан” гэж хэлэгдэх хэмжээнд хүргэсэн бөгөөд Д.Трамп Ерөнхийлөгчөөр сонгогдвол Г.Генслэрийг хамгийн түрүүнд ажлаас нь хална гэж мэдэгдэж байсан юм. “Крипто-д ээлтэй” Д.Трамп 2025 оны 1-р сарын 20-ны өдөр Ерөнхийлөгчийн тангарагаа өргөх өдөр Г.Генслэр ийнхүү ажлаа өгч байна.
Тэрээр “Миний бие АНУ-ын хөрөнгийн зах зээл дэлхийн хамгийн шилдэг нь байхын төлөө жирийн америк иргэдийн өмнөөс Үнэт цаасны хорооны даргаар ажилласан нь насан туршийн нэр төрийн хэрэг байлаа” хэмээн мэдэгдсэн байна. Г.Генслэрийн бүрэн эрхийн хугацаа 2026 онд дуусах байсан юм.
Solana-гийн биржээр арилждаг сан (etf) байгуулах хүсэлтүүд нэмэгдэв
АНУ-ын Үнэт цаасны хорооны дарга Г.Генслэр ажлаа өгөх тухай мэдээ гарсан өдөр буюу 11-р сарын 21-ний өдөр Solana-гийн биржээр арилждаг сан (ETF)-ийн хувьцааг өөрийн биржээрээ арилжих тухай 4 компанийн хүсэлтийг CBOE BZX (Chicago Board Options Exchange) бирж Үнэт цаасны хороонд гаргасан байна. Эдгээр компаниудад хөрөнгийн удирдлагын Bitwise, VanEck, 21Shares болон Canary Capital компаниуд орж байна. Bitwise гэх мэт зарим компаниуд нь SOL-ийн ETF гаргах хүсэлтээ аль 6-р сард өгсөн бөгөөд CBOE BZX бирж нь өөрийн дотоод дүрэмд орсон өөрчлөлтөд нийцүүлэн дээрх хүсэлтүүдийг гаргасан ажээ.
Solana блокчэйний SOL койныг “таваар” гэж үзэн ийнхүү ETF сан байгуулан, хувьцааг нь хөрөнгийн биржээр арилжих хүсэлт хүргүүлж буй нь биткойн болон этэриумийн дараах 3 дахь тохиолдол болох гэж байна. Sol-ийн дараа мөн Ripple (XRP) болон Litecoin (LTC) койнуудын биржээр арилжаалагддаг сан (ETF)-гууд байгуулагдах магадлалтай байна. Учир нь Franklin Templeton зэрэг компаниуд Үнэт цаасны хороонд хүсэлтээ өгөөд хариу хүлээж байна.
SOL койн бүх цагийн үеийн дээд үнэ болох 260 ам.долларыг өнгөрсөн Баасан гарагт эвдэж 265 ам.долларт хүрснийг доорх зургаас харна уу.
FTX биржийн хохирогчид хэзээ мөнгөө авах вэ?
Дампуурсан FTX биржийн хохирогчдын нөхөн төлбөрийг хэзээ буцаан өгөх вэ гэсэн асуулт крипто зах зээлийн тоглогчдийн сонирхлыг татаж байна. Нөхөн олговор олгох огнооны тухай шийдвэрээ шүүхийн шийдвэрийн дагуу байгуулагдсан тус биржийн шинэ удирдлага (FTX estate) 2025 оны 1-р сард эцэслэнэ гэдгээ 11-р сарын 21-ний өдөр мэдэгдэв. Харин уг шийдвэрийн дагуу нөхөх төлбөрийг 2025 оны 3-р сараас эхлэн олгох төлөвтэй байна.
Хэдийгээр шүүхээс өнгөрсөн 10-р сард нөхөн төлбөрийн тухай төлөвлөгөөг баталсан хэдий ч тус биржийн дампуурлын гол буруутан Сэм Бэнкмэн Фрийдтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан, биржийн хэрэглэгчдийн мөнгийг өөртөө шилжүүлэн авсан зарим нэр нөлөө бүхий хүмүүс, биржийн эсрэг иргэний нэхэмжлэлийг FTX биржийн шинэ удирдлагын зүгээс нэмж гаргасан тул дээрх нөхөн олговор олгох хугацаа 2025 онд болж хойшилсон билээ. Дээрх нөхөн төлбөрийн мөнгө ирэх оны эхний улирлаас тараагдаж эхэлснээр криптовалют руу багагүй хэсэг нь хөрөнгө оруулалт хэлбэрээр эргэн орно гэсэн хүлээлт зах зээлд үүсээд байна.
Coinbase-ийн гүйцэтгэх захирал д.трампийн засгийн газарт алба хаших уу?
Криптовалютын арилжааны эргэлтийн хэмжээгээр АНУ-д хамгийн томд орох крипто биржийн гүйцэтгэх захирал Б.Армстронг АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Трамптай уулзахаар төлөвлөж байгаа ажээ. Ерөнхийлөгч Д.Трамп өөрийн засгийн газрыг бүрдүүлэх ажлаа ид явуулж байгаа бөгөөд зарим томилгоог хэдий нь хийгээд байгаа билээ. Wall Street сонины 11-р сарын 18-ны өдрийн дугаарт Д.Трамп томилгооны асуудлаар Б.Армстронгтой уулзахаар төлөвлөж буй тухай дурдсан байна.
Б.Армстронг нь Д.Трампад Ерөнхийлөгчийн сонгуулийн компанит ажилд нь зориулж мөнгөн хандив өгсөн тухай мэдээлэл гараагүй бөгөөд Б.Армстронг сонгуулийн өмнө Д.Трампийн засаг захиргаатай ажиллах хүсэлтэй байгаагаа мэдэгдэж байжээ. Coinbase бирж нь Жое Байдэний засаг захиргаа ялангуяа Г.Генслэрийн тэргүүлсэн Үнэт цаасны хороотой шүүхийн маргаантай байгаа билээ.
Крипто зах зээлийн үнэлгээ ба btc, eth, алткойнуудын доминанс
Криптовалютын зах зээлийн үнэлгээ болон голлох хөрөнгүүд болох биткойн, этэриум, алткойнуудын хувийн жингийн хэмжээ, өөрчлөлтийг доорх зургаас харна уу.
Зах зээлийн сентимент одоо ямар байна вэ?
Зах зээлийн сентимент одоогийн байдлаар буюу Даваа гарагийн байдлаар 82 буюу “хэт шунал”-ын төлөвт байна. Энэ нь өнгөрсөн долоо хоног үзүүлэлт (80) буюу “хэт шунал”-ын төлөвөөс бага зэрэг буурсан байна. Зах зээлийн ерөнхий төлөв сонгуулиас хойш сэргэсэн бөгөөд“bullish” байгаа болно.
Крипто үнэ
Даваа гарагийн 08:59 цагийн байдлаар нэгж биткойны үнэ 97,798 ам.доллар байна. Сүүлийн 7 өдрийн байдлаар биткойн 8.70%-ийн өсөлттэй харин сүүлийн 24 цагийн байдлаар 0,28% уналттай байна. Доорх зургаас биткойны үнийн долоо хоногийн чартыг харна уу.
Биткойны үнийн 7 хоногийн график
Биткойны зах зээлийн үнэлгээ Даваа гарагийн 09:03 цагийн байдлаар 1,93 триллион ам.доллар харин нийт криптовалютын зах зээлд эзлэх хувийн жин буюу доминанс нь 59.34% байна.
Харин этэриумийн хувьд Даваа гарагийн 09:04 цагийн байдлаар 3,336 ам.доллар байна. Сүүлийн 7 өдрийн байдлаар ETH үнэ 7.62%-ийн өсөлттэй, сүүлийн 24 цагийн байдлаар 2.65%-ийн уналттай байна. Доорх зургаас этэриумийн үнийн долоо хоногийн чартыг харна уу.
Этэриумийн үнийн 7 хоногийн график
Этэриумийн зах зээлийн үнэлгээ Даваа гарагийн 09:07 цагийн байдлаар 400,1 тэрбум ам.доллар, харин нийт криптовалютын зах зээлд эзлэх хувийн жин буюу доминанс нь 12.37% байна.
Топ алткойнууд (ETH ороогүй)-ын ханшийн мэдээллийг доорх харьцуулсан зургаас харна уу.
Эх сурвалж:
Crypto Fear & Greed Index - Bitcoin Sentiment - Alternative.me
https://cointelegraph.com/news/sec-chair-gary-gensler-step-down
https://cointelegraph.com/news/solana-etf-issuers-file-19b-4-gary-gensler-resign-january
https://cointelegraph.com/news/ftx-provides-timeline-creditor-client-reimbursement-payouts
https://cointelegraph.com/news/coinbase-ceo-brian-armstrong-donald-trump-meeting
АНХААРУУЛГА:
Энэхүү мэдээнд орсон үнийн таамаг, шинжээчдийн мэдээлэл нь санхүүгийн зөвлөгөө биш бөгөөд зөвхөн мэдээллийн чанартай болохыг анхаарна уу!