Буцах
2024-11-04

Крипто зах зээлийн өнөөгийн байдлын хураангуй

Өнгөрсөн долоо хоногийн Мягмар гарагт биткойны үнэ 73,577 ам.доллар хүртлээ өсч бүх цагийн дээд үнэ болох 73,738 ам.долларыг шалгах дөхөв. Энэхүү өсөлтийн гол шалтгаан нь биткойны ETF сангууд рүү орсон байгууллагын хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулалт сүүлийн долоо хоногуудад огцом өссөнтэй холбоотой. Тухайлбал өнгөрсөн Лхагва гарагт нийт 917,2 сая ам.долларын хөрөнгө дээрх сангууд руу орсон нь өнгөрсөн 3-р сараас хойших нэг өдөрт орсон хамгийн их хөрөнгө оруулалт болсон байна. Харин Лхагва гарагаас эхлэн биткойны үнэ унаж эхэлсэн бөгөөд сүүлийн 5 өдрийн байдлаар үнэ нь 6%-иар унаад байна.

Уламжлалт ёсоор Uptober буюу биткойны үнэ жил бүрийн 10-р сард өсдөг хандлага энэ оны 10-р сард мөн л давтагдав. Тодруулбал өнгөрсөн 10-р сард биткойн 10.76%-ийн өсөлттэй хаагдав. Сүүлийн 10 гаруй жилийн байдлаар 11-р сар биткойны хувьд хамгийн өндөр өгөөжтэй саруудын нэг (Дунджаар 42,7%) байсан байна. 

2013 оноос хойших сар бүрийн биткойны өгөөжийн хүснэгт

 

Ерөнхийлөгчийн сонгуультай долоо хоног эхэлж байна.

Хэдийгээр энэ сар уналттай эхэлсэн ч энэ 11-р сарын 5-нд буюу ирэх Мягмар гарагт болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор үнийн савалгаа хүчтэй явах магадлал өндөр байна. Өмнөх сонгуулиар буюу 2020 оны сонгууль болсон 11-р сард биткойны үнэ 42,95%-иар өгөөжтэй хаагдаж байжээ.

Энэ удаагийн сонгуульд хоёр нэр дэвшигчийн хэн нь ч ялж мэдэхээр, их ойрхон сонгууль болох төлөвтэй байна. Хэрэв криптод ээлтэй гэгддэг Д.Трамп ялбал крипто зах зээлд илүү эерэгээр нөлөөлнө гэсэн хандлага, хүлээлт зах зээлд үүссэн. Тухайлбал Polymarket гэх мэт сонгуулийн таамаг дэвшүүлдэг вэб сайтуудад Д.Трампийн ялах магадлал К.Харрисынхаас өндөр байгааг доорх зургаас харна уу.  

Зах зээлийн сентимент одоо ямар байна вэ?

Зах зээлийн сентимент өнгөрсөн долоо хоногийн Ням гарагийн байдлаар 74 буюу шуналын төлөвт байсан бол өнөөдрийн буюу 11-р сарын 3-ны Ням гарагийн байдлаар 74 буюу мөн л шуналын төлөвт байна. Энэ нь зах зээл дэх тоглогчдын сэтгэл зүй өнгөрсөн долоо хоногийн мөн үеэс өөрчлөгдөөгүйг харуулж байна.  

Крипто зах зээлийн үнэлгээ ба btc, eth, алткойнуудын доминанс

Криптовалютын зах зээлийн үнэлгээ болон голлох хөрөнгүүд болох биткойн, этэриум, алткойнуудын хувийн жингийн хэмжээ, өөрчлөлтийг доорх зургаас харна уу. 

Крипто үнэ

Ням гарагийн 20:05 цагийн байдлаар нэгж биткойны үнэ 63,350 ам.доллар байна. Сүүлийн 7 өдрийн байдлаар биткойн 1,93%-ийн өсөлттэй харин сүүлийн 24 цагийн байдлаар 1,87% уналттай байна. Доорх зургаас биткойны үнийн долоо хоногийн чартыг харна уу. 

Биткойны үнийн 7 хоногийн график

Биткойны зах зээлийн үнэлгээ Ням гарагийн 20:07 цагийн байдлаар 1,35 триллион ам.доллар болж өссөн, харин нийт криптовалютын зах зээлд эзлэх хувийн жин буюу доминанс нь 60.33% байгаа нь өнгөрсөн долоо хоногийн мөн үеэс нэмэгдсэн байна. 

Харин этэриумийн хувьд Ням гарагийн 20:08 цагийн байдлаар нэгж этэриумийн үнэ 2,457 ам.доллар байна. Сүүлийн 7 өдрийн байдлаар ETH үнэ 0,50%-ийн уналттай, сүүлийн 24 цагийн байдлаар 1.83%-ийн уналттай байна. Доорх зургаас этэриумийн үнийн долоо хоногийн чартыг харна уу.

Этэриумийн үнийн 7 хоногийн график

Этэриумийн зах зээлийн үнэлгээ Ням гарагийн 20:10 цагийн байдлаар 295,6 тэрбум ам.доллар, харин нийт криптовалютын зах зээлд эзлэх хувийн жин буюу доминанс нь 13.19% байгаа нь өнгөрсөн долоо хоногийн мөн үеэс буурсан байна.

Топ алткойнууд (ETH ороогүй)-ын ханшийн мэдээллийг доорх харьцуулсан зургаас харна уу.  

Өнгөрсөн долоо хоногийн онцлох бусад мэдээ

Майкл сэйлор ч гэсэн хуурамч мэдээнд хууртдаг

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ойртож буйтай холбогдуулан сошиал сувгуудаар үнэн худал нь мэдэгдэхгүй олон мэдээ гарч байна. МicroStrategy компанийн Гүйцэтгэх захирал Майкл Сэйлор хүртэл Доналд Трампийн крипто бодлогын талаарх хуурамч мэдээ бүхий нэгэн жиргээг иш татан жиргэсэн нь анхаарал татав. 

Тодруулбал Basedkarbon гэх X хаягнаас “криптовалютад татвар ногдуулахгүй”, “Биткойн бол мөнгө” хэмээн нэр дэвшигч Д.Трамп хэллээ хэмээн хуурамчаар жиргэсэн жиргээг М.Сэйлор иш татаж 3,6 сая дагагч буй сувгаараа 10 дугаар сарын 30-ны өдөр жиргэжээ. 

Kракен бирж цомхотгол хийв

Томоохон крипто биржүүдийн нэг болох АНУ-д төвтэй Кракен бирж шинэ хамтран Гүйцэтгэх захирал (Co-CEO)-г өнгөрсөн долоо хоногт томилсон байна. Мөн тус бирж нийт ажилчдынхаа 15%-ийг цомхотгосон байх тухай албан бус мэдээ гарав. Тус биржийн зүгээс 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр нийтэлсэн блогтоо “Манай бирж хөнгөн бөгөөд хурдан” байх ёстой. Учир нь бид олон давхарга бүхий хүнд бүтцийг бий болгожээ. Иймд бид энэ олон давхаргыг цөөлөх ёстой” хэмээн онцолсон байна. Энэ нь тус бирж дээрх цомхотголыг хийсэн байх магадлалыг баталж байна. Тус бирж зах зээлийн нөхцөл муу байдлаас болоод 2022 оны 11-р сард 1,100 хүнээ буюу нийт ажилчдынхаа 30%-ийг халсан билээ. 

Тус компанийн хамтран гүйцэтгэх захирлаар томилогдсон Arjun Sethi нь Цахиурын хөндийн гарааны компаниудад хөрөнгө оруулагч Tribe Capital-ийн хамтран үүсгэн байгуулагч, ТУЗ-ын даргын ажлыг давхар хашдаг байна. Тэрээр тус Кракен биржийн ТУЗ-д 2021 оноос эхлэн сууж байгаа ажээ.

Kraken-тэй адил Metamask крипто хэтэвчийг бүтээсэн ConsenSys компани нийт 160 хүн буюу нийт ажилчдынхаа 20%-ийг эдийн засгийн нөхцөл байдал болон шүүхийн маргаанд гаргасан зардлын дарамтаас болон халж буйгаа өнгөрсөн долоо хоногт мөн мэдэгдэв. Түүнчлэн Швейцарт төвтэй төвлөрсөн бус крипто бирж болох dYdX компанийн стратегийн өөрчлөлтөөс болоод нийт ажилчдынхаа 35%-ийг цомхотгож байгаагаа өнгөрсөн долоо хоногт бас мэдэгдэв.

FTX биржийн инженерийн багийн ахлагчийг ялаа эдэлсэн гэж үзэн суллав.

Хэрэглэгчдийнхээ 8 тэрбум ам.долларыг үрэн таран хийснээсээ болж дампуурсан FTX крипто биржийн инженерийн багийг удирдаж байсан Нишад Сингх-д хэрэглэгчдийн мөнгөн хөрөнгийг хууль бусаар зарцуулж, шамшигдуулсан үндэслэлээр Холбооны шүүхээс 3 жилийн хорих ялыг 10 дугаар сарын 30-ны өдөр оноосон боловч тэрээр шүүхийн шийдвэр албан ёсоор гарах хүртэл 3 жил хоригдсон байсан тул түүнийг ялаа эдэлсэнд тооцон суллах шийдвэрийг гаргажээ. 

Рашад Сингхийн хуульчид шүүх хуралдааны үеэр “FTX биржийн гэмт хэргийн гол буруутан нь Гүйцэтгэх захирал Сэм Бэнкмэн-Фрийд болон Аламейда компанийн Гүйцэтгэх захирал К.Эллисон нар” болохыг гол үндэслэлээ болгосон ажээ. Уг хэргийг шүүсэн шүүгч Каплан хэлэхдээ “FTX биржийн хэрэг бол АНУ-ын түүхэн дэх хамгийн дуулиантай хэргүүдийн нэг. Харин энэ хэрэг дэх таны оролцоо Сэм Бэнкмэн Фрийд болон К.Эллисон нарынхаас мэдээж хамаагүй хязгаарлагдмал” хэмээн Р.Сингхд хандан хэлсэн байна.  


Эх сурвалж:

Polymarket | Presidential Election Winner 2024

Crypto Fear & Greed Index - Bitcoin Sentiment - Alternative.me

Michael Saylor posts fake quote from Trump on crypto to 3.6M followers

Kraken restructures with new co-CEO, layoffs reported

Ex-FTX exec sentenced to time served after guilty plea

Consensys layoffs: Ethereum giant cuts 20% of workforce | Fortune Crypto

dYdX CEO Declares 35% Workforce Reduction

Crypto ETFs see big inflows ahead of U.S. election, traders brace for volatility | Reuters

Bitcoin Returns History,Historical BTC Performance | CoinGlass



АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээнд орсон үнийн таамаг, шинжээчдийн мэдээлэл нь санхүүгийн зөвлөгөө биш бөгөөд зөвхөн мэдээллийн чанартай болохыг анхаарна уу!