Биткойны хувьд 2013 оноос хойш хамгийн өндөр өсөлттэй сар бол 10-р сар (+22% дундаж өсөлттэй) байсан. Харин энэ 10-р сар биткойны хувьд тааруухан эхлэв. Учир нь өнгөрсөн Даваа гарагт 65,900 ам.доллар байсан биткойны үнэ Пүрэв гарагт 59,880 ам.доллар хүртлээ буюу 9.1% унав. Үүний үр дүнд зах зээл дэх тоглогчдын сентимент буюу сэтгэл зүй өнгөрсөн Даваа гарагт 61 буюу “шунал” төлөвт байсан бол өнөөдрийн байдлаар 50 буюу “айдас ба шуналын завсрын саармаг” төлөвт шилжээд байна. Хэдийгээр АНУ-ын төв банк бодлогын хүүгээ багасгаж, Хятадын төв банк 142 тэрбум ам.долларын мөнгийг зах зээлд шахсан тухай сайхан мэдээнүүд шил шилээ даран гараад удаагүй байтал үнэ яагаад ийнхүү унав? Энэ асуултын хариуг шинжээчид дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
Ойрх Дорнодын нөхцөл байдал хурцдав.
9-р сарын сүүлээр Ойрх-Дорнодын нөхцөл байдал хурцадсан нь биткойны үнэ унахад голлох нөлөө үзүүлэв. Тухайлбал 9-р сарын 27-нд Израйлийн армийн бөмбөгдөлтөд Ливаны Хезболла бүлэглэлийн ерөнхий нарийн бичгийн алагдав. Ираны тал Израйль руу 200 гаруй пуужин 10-р сарын 1-ний өдөр харвасан, мөн өнгөрсөн долоо хоногийн туршид Израйлийн арми Ливаны нийслэл Бейрут хот руу агаараас цохилт өгсөн зэргээс болж биткойны үнэ ийнхүү унав. Өмнө нь 2024 оны 4-р сард Израйль улс Иран руу довтолсны дараа биткойны үнэ 10%-иар мөн унаж байсан билээ.
АНУ-ын хөдөлмөр эрхлэлтийн мэдээ “сайн” гарав.
АНУ дахь хөдөлмөр эрхлэлтийн мэдээ ямар гарахаас хамаарч тус улсын төв банк бодлогын хүүг бууруулах эсвэл хэвээр үлдээх эсэхээ шийдэх болчихоод байгаа билээ. Тэгвэл өнгөрсөн Баасан гарагт АНУ-ын өнгөрсөн 9-р сарын хөдөлмөр эрхлэлтийн мэдээ гарав. Тодруулбал 9-р сард тус улсад 254,000 ажлын байр шинээр нэмэгдэж, цалингийн зардал нэмэгдсэн нь эдийн засагчдын таамгийг давсан байна. Түүнчлэн ажилгүйдлын түвшин сүүлийн 3 сарын хамгийн доод түвшиндээ буюу 4.1%-д хүрсэн байна. АНУ-д ажилгүйдлын түвшин ийнхүү буурч, макро эдийн засгийн үзүүлэлт сайн гарсан нь төв банк бодлогын хүүг энэ 11-р сард 0.50%-иар бууруулах магадлалыг бараг үгүй хийлээ гэж шинжээчид үзэж байна. Дээрх нөхцөл байдлаас болж хөрөнгө оруулагчид биткойноо зарснаар зах зээлд үнэ унасан байх магадлалтай байна. Бодлогын хүү буурах нь биткойны үнийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлдэг билээ.
Холбооны нөөцийн сан буюу төв банкны дараагийн хурал 11-р сарын 6-наас 7-ны өдрүүдэд болно.
КРИПТО ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ БА BTC, ETH, АЛТКОЙНУУДЫН ДОМИНАНС
Криптовалютын зах зээлийн үнэлгээ болон голлох хөрөнгүүд болох биткойн, этэриум, алткойнуудын хувийн жингийн хэмжээ, өөрчлөлтийг доорх зургаас харна уу.
ЗАХ ЗЭЭЛИЙН СЕНТИМЕНТ ОДОО ЯМАР БАЙНА ВЭ?
Зах зээлийн сентимент өнгөрсөн долоо хоногийн Даваа гарагийн байдлаар 61 буюу шуналын төлөвт байсан бол өнөөдрийн байдлаар 50 буюу айдас ба шуналын буюу завсрын төлөвт шилжсэн байна. Энэ нь зах зээл дэх тоглогчдын сэтгэл зүй өнгөрсөн долоо хоногийн мөн үеэс муудсаныг харуулж байна.
ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГИЙН ОНЦЛОХ БУСАД МЭДЭЭ
АРИЛЖААНЫ БАНКУУД SWIFT СИСТЕМЭЭР ДАМЖУУЛАН ЦАХИМ ХӨРӨНГИЙН ГҮЙЛГЭЭГ ТУРШИНА
Хойд Америк, Европ, Азийн арилжааны банкууд дижитал хөрөнгө, мөнгөөр гүйлгээ хийдэг туршилтыг 2025 оноос эхлүүлнэ хэмээн SWIFT-ээс 10 дугаар сарын 3-ны өдөр мэдэгдэв. Тус туршилтад хэд хэдэн цахим хөрөнгийг хамруулах бөгөөд төлбөр тооцоо, валют худалдаа, үнэт цаас, худалдаанд ашиглахад анхаарах ажээ.
ЯПОНЫ МЕТАПЛАНЕТ 7 САЯ АМ.ДОЛЛАРААР БИТКОЙН НЭМЖ АВАВ
Японы хөрөнгө оруулалтын фирм болох Метапланет ойролцоогоор 7 сая ам.долларын үнэ бүхий 108.7 ширхэг биткойныг нэмж худалдан авснаа өнөөдөр буюу 10-р сарын 7-ны өдөр зарлав. “Азийн Микростратежи” гэгдэх Метапланет нь биткойныг энэ оны 5-р сараас хойш эрчимтэй худалдан авч байгаа бөгөөд одоогоор 40,7 сая ам.долларын үнэ бүхий 639.5 биткойныг худалдан аваад байгаа билээ.
WLD ТОКЕНЫГ ДУУДЛАГААР ХУДАЛДАНА
Дампуурсан FTX биржийн эзэмшилд буй 22 сая ширхэг Worldcoin (WLD)-ийг дуудлага худалдаагаар зарахаар бэлтгэж буйгаа тус биржийн түр удирдлагын зүгээс мэдэгдэв. Уг дуудлага худалдаанд оролцохыг хүссэн хөрөнгө оруулагч нь дор хаяж 2.5 сая ам.долларын худалдан авалт хийх үнийн саналаа ирүүлэх бөгөөд үүний хариуд WLD токеныг зах зээлийн үнээс 75% хүртэл хямдаар авах боломжтой ажээ. Дуудлага худалдааны дүрмийн дагуу хөрөнгө оруулагчийн авсан токен нь 2028 он хүртэл буюу 4 жилийн хугацаагаар түгжигдэх аж.
АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛС КРИПТОВАЛЮТЫН ГҮЙЛГЭЭГ НӨАТ-ААС ЧӨЛӨӨЛНӨ
Арабын Нэгдсэн Эмират Улс криптовалютын гүйлгээнд 5%-ийн НӨАТ авдаг байсныгаа энэ оны 11-р сарын 15-ны өдрөөс эхлэн тэглэж байгаа ажээ. Энэхүү шийдвэрийн зорилго нь криптовалютад ээлтэй хөрөнгө оруулалт, татварын таатай орчин бүрдүүлэхэд оршиж байгаа аж. АНЭУ нь дэлхийн криптовалютын төв болох зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд тус улсад үйл ажиллагаа явуулж буй онлайн худалдааны сайтуудын 38% нь криптовалютыг төлбөр тооцоонд ашиглахыг зөвшөөрдөг байна.
КРИПТО ҮНЭ
Даваа гарагийн 12:35 цагийн байдлаар нэгж биткойны үнэ 63,621 ам.доллар байна. Сүүлийн 7 өдрийн байдлаар биткойн 1,28%-ийн уналттай харин сүүлийн 24 цагийн байдлаар 2,78% өсөлттэй байна. Доорх зургаас биткойны үнийн долоо хоногийн чартыг харна уу.
Биткойны үнийн 7 хоногийн график
Биткойны зах зээлийн үнэлгээ Даваа гарагийн 12:36 цагийн байдлаар 1,25 триллион ам.доллар харин нийт криптовалютын зах зээлд эзлэх хувийн жин буюу доминанс нь 58.01% байгаа нь өнгөрсөн долоо хоногийн мөн үеэс бага зэрэг нэмэгдсэн байна.
Харин этэриумийн хувьд Даваа гарагийн 12:37 цагийн байдлаар нэгж этэриумийн үнэ 2,491 ам.доллар байна. Сүүлийн 7 өдрийн байдлаар ETH үнэ 5.21%-ийн уналттай, сүүлийн 24 цагийн байдлаар 3.15%-ийн өсөлттэй байна. Доорх зургаас этэриумийн үнийн долоо хоногийн чартыг харна уу.
Этэриумийн үнийн 7 хоногийн график
Этэриумийн зах зээлийн үнэлгээ Даваа гарагийн 12:39 цагийн байдлаар 299,8 тэрбум ам.доллар, харин нийт криптовалютын зах зээлд эзлэх хувийн жин буюу доминанс нь 13.85% байгаа нь өнгөрсөн долоо хоногийн мөн үеэс буурсан байна.
Топ алткойнууд (ETH ороогүй)-ын ханшийн мэдээллийг доорх харьцуулсан зургаас харна уу.
Эх сурвалж:
Why is Bitcoin price down today? (cointelegraph.com)
https://www.bloomberg.com/news/live-blog/2024-10-04/us-employment-report-for-september
https://alternative.me/crypto/fear-and-greed-index/
https://cointelegraph.com/news/metaplanet-7-million-bitcoin-buy-holds-40-million
https://beincrypto.com/uae-new-tax-exemption-crypto-boom/
https://www.statista.com/topics/12234/crypto-hub-dubai/#topicOverview
АНХААРУУЛГА:
Энэхүү мэдээнд орсон үнийн таамаг, шинжээчдийн мэдээлэл нь санхүүгийн зөвлөгөө биш бөгөөд зөвхөн мэдээллийн чанартай болохыг анхаарна уу!