Буцах
2024-09-30

Крипто зах зээлийн өнөөгийн байдал

КРИПТО ЗАХ ЗЭЭЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ

Өнгөрсөн 7 хоногт биткойны үнэ 66,331.70 ам.доллар хүртэл өсөв. Крипто зах зээл ийнхүү сэргэсэн нь нэгдүгээрт АНУ-д бодлогын хүү багассан, хоёрдугаарт БНХАУ-ын Ардын банк (төв банк) ажилгүйдлийг багасгах, эдийн засгийн өсөлтийг дэмжихийн тулд нийт 1 триллион юань (142 тэрбум ам.доллар)-ыг зах зээлд нийлүүлэх болсонтой холбоотой гэж шинжээчид үзэж байна.

Хятадын Ардын банк арилжааны банкуудын заавал байлгах нөөцийн хэмжээг 0,50%-иар багасгах замаар мөнгөний нийлүүлэлтийг ихэсгэх шийдвэрийг мөн гаргасан нь Хятадын төв банк цар тахлаас хойш анх удаагаа ийм их хэмжээний мөнгийг зах зээлд нийлүүлж байгаа тохиолдол болж байна. Дээрх шийдвэрийн нөлөөгөөр иргэдийн криптовалютад оруулах хөрөнгө оруулалт болон аж ахуйн нэгжүүдийн блокчэйн болон крипто төслүүдэд оруулах хөрөнгө оруулалт хэмжээ нэмэгдэх төлөвтэй байгааг шинжээжид онцолж байна. Дүгнээд хэлбэл АНУ, Хятад, Европын холбоо зэрэг дэлхийн хамгийн том эдийн засагтай орнууд мөнгөний бодлогоо ийнхүү зөөлрүүлж буй нь биткойн тэргүүтэй криптовалютын салбарт өсөлтийн трендийг эхлүүлж байна.

Сүүлийн 10 гаруй жил буюу 2013 оноос хойш биткойны үнэ 10-р сард ихэнхдээ өндөр өсөлт (Дундаж өсөлт нь 22,9%)-тэй байсан бөгөөд дээрх улсуудын мөнгөний бодлогын талаарх шийдвэрүүд энэ 10-р сарын крипто зах зээлийн өнгийг тодорхойлж магадгүй байна. 



2013 оноос хойших сар бүрийн биткойны өгөөжийн хүснэгт

 

КРИПТО ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ БА BTC, ETH, АЛТКОЙНУУДЫН ДОМИНАНС

Криптовалютын зах зээлийн үнэлгээ болон голлох хөрөнгүүд болох биткойн, этэриум, алткойнуудын хувийн жингийн хэмжээ, өөрчлөлтийг доорх зургаас харна уу. 


 

ЗАХ ЗЭЭЛИЙН СЕНТИМЕНТ ОДОО ЯМАР БАЙНА ВЭ? 

Зах зээлийн сентимент өнгөрсөн долоо хоногийн Даваа гарагийн байдлаар 50 буюу айдас шуналын завсрын төлөвт байсан бол өнөөдрийн байдлаар 61 буюу шуналын төлөвт шилжсэн байна. Энэ нь зах зээл дэх тоглогчдын сэтгэл зүй өнгөрсөн долоо хоногийн мөн үеэс илт сайжирсныг харуулж байна. 



ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГИЙН ОНЦЛОХ БУСАД МЭДЭЭ


CZ СУЛЛАГДАВ

Binance биржийн үүсгэн байгуулагч, хуучин гүйцэтгэх захирал асан “CZ” Changpeng Zhao АНУ-ын шоронд 4 сар гаруй хоригдсоны дараа 9-р сарын 27-ны өдөр суллагдсан байна. Түүнийг Binance биржийн үйл ажиллагаанд тус улсын Мөнгө угаахтай тэмцэх тухай хуулийг хэрэгжилтийг хангаагүй гэсэн үндэслэлээр өнгөрсөн оны 11-р сард гэм буруутайд тооцсон билээ. 

Эргэлдэж буй хөрөнгийн хэмжээгээр дэлхийн хамгийн том крипто биржид тооцогдох Binance биржийн гүйцэтгэх захирлын ажлаа тэрээр ял эдлэхээсээ өмнөхөн өгсөн билээ. Нийт 60 тэрбум орчим ам.долларын хөрөнгөтэй CZ нь АНУ-ын шоронд ял эдэлсэн хамгийн баян хүн болсон байна. 


КАРОЛИН ЭЛЛИСОН 2 ЖИЛИЙН ЯЛ СОНСОВ

FTX крипто биржийн дампууралд голлох нөлөө үзүүлсэн хүмүүсийн нэг болох, судалгааны Аламеда компанийн гүйцэтгэх захирал асан Каролин Эллисонд Нью-Йорк мужийн Өмнөд дүүргийн шүүхээс энгийн дэглэмтэй хорих ангид 2 жил хоригдох ял оногдуулсан байна. Мөн түүнийг FTX биржээс авсан 11 тэрбум ам.долларын хөрөнгийг хураан авахаар болсон байна.  

Эллисон нь FTX-ийн биржийн гүйцэтгэх захирал асан Сэм Бэнкмэн Фриедийн найз бүсгүй гэгдэж байсан бөгөөд түүнтэй хамт тус биржийн хэрэглэгчдийн их хэмжээний мөнгөн хөрөнгийг зүй бусаар зарцуулж, шамшигдуулсан хэрэгт буруутгагдсан бөгөөд тэрээр энэхүү гэмт үйлдэлдээ нийт 110 жилийн хорих ял сонсох магадлалтай байсан ч шүүхээс түүнд тун зөөлөн ханджээ. Учир нь Эллисон нь хийсэн гэмт үйлдлээ үнэн мөнөөр нь хүлээж, прокурорын байгууллагатай сайн хамтран ажилласан тул хоригдох ялын хэмжээ нь ийнхүү огцом буурсан байна. Тус хэргийн шүүгч Лювис Каплан түүнд хандаж “Хэдийгээр та их хүчтэй хүн ч Сэм Бэнкмэн Фриед таны сул талыг олж харан, өөрийн зорилгоо биелүүлэхийн тулд ашиглажээ” хэмээн хэлсэн байна.  


КАМАЛА ХАРРИС КРИПТОГИЙН ТАЛААР ЮУ ГЭЖ ХЭЛЭВ?

АНУ-ын дэд ерөнхийлөгч К.Харрис тус улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн компанит ажлыг эхлүүлснээсээ хойш анх удаа криптовалютын талаарх өөрийн үзэл бодлыг олон нийтэд илэрхийлэв. 

К.Харрис “Бид хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах замаар хиймэл оюун ухаан болон цахим хөрөнгийн салбарт оруулах хөрөнгө оруулалтыг дэмжинэ” хэмээн 9-р сарын 22-ны өдөр Нью-Йорк хотноо болсон сонгуулийн хандив цуглуулах арга хэмжээний үеэр мэдэгдсэн байна.

 

КРИПТО ҮНЭ

Даваа гарагийн 16:55 цагийн байдлаар нэгж биткойны үнэ 64,298 ам.доллар байна. Сүүлийн 7 өдрийн байдлаар биткойн 1,33%-ийн өсөлттэй харин сүүлийн 24 цагийн байдлаар 1,95% уналттай байна. Доорх зургаас биткойны үнийн долоо хоногийн чартыг харна уу. 


Биткойны үнийн 7 хоногийн график

Биткойны зах зээлийн үнэлгээ Даваа гарагийн 16:58 цагийн байдлаар 1,27 триллион ам.доллар харин нийт криптовалютын зах зээлд эзлэх хувийн жин буюу доминанс нь 57.21% байгаа нь өнгөрсөн долоо хоногийн мөн үеэс багассан байна.  

Харин этэриумийн хувьд Даваа гарагийн 09:58 цагийн байдлаар нэгж этэриумийн үнэ 2,641 ам.доллар байна. Сүүлийн 7 өдрийн байдлаар ETH үнэ 0.24%-ийн уналттай, сүүлийн 24 цагийн байдлаар 0.22%-ийн уналттай байна. Доорх зургаас этэриумийн үнийн долоо хоногийн чартыг харна уу. 


Этэриумийн үнийн 7 хоногийн график

Этэриумийн зах зээлийн үнэлгээ Даваа гарагийн 17:02 цагийн байдлаар 317 тэрбум ам.доллар, харин нийт криптовалютын зах зээлд эзлэх хувийн жин буюу доминанс нь 14.32% байгаа нь өнгөрсөн долоо хоногийн мөн үеэс бага зэрэг буурсан байна.

Топ алткойнууд (ETH ороогүй)-ын ханшийн мэдээллийг доорх харьцуулсан зургаас харна уу.  



Эх сурвалж:

Crypto Week Ahead: Bitcoin Sees Some Gains Due As US Central Banks Lower Borrowing Costs (abplive.com)

Bitcoin Price Prediction: What China's $142 Billion Stimulus Means for BTC (coindesk.com)

Bitcoin Set for a Rally as China’s Central Bank Unleashes Stimulus (crypto-news-flash.com)

Binance founder CZ walks free from US prison (cointelegraph.com)

Caroline Ellison sentenced to 2 years in prison (cointelegraph.com)

Crypto Lobby Group Revises Kamala Harris’ Digital Asset Support Rating After Backlash (cryptopotato.com)

 

АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээнд орсон үнийн таамаг, шинжээчдийн мэдээлэл нь санхүүгийн зөвлөгөө биш бөгөөд зөвхөн мэдээллийн чанартай болохыг анхаарна уу!