Крипто зах зээлийн өнөөгийн байдал
Өнгөрсөн долоо хоногт криптовалют болон нийт хөрөнгийн зах зээлд болсон хамгийн том үйл явдал бол АНУ-ын Холбооны нөөцийн сан буюу төв банк бодлогын хүүгээ 0,50%-аар бууруулж, 4,75%-5,0%-д хүргэсэн явдал
байлаа.
Тус улсын төв банк өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт (инфляци)-ийг бага түвшинд барих болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих гэсэн хоёр үндсэн чиг үүрэгтэй. Төв банкны Нээлттэй зах зээлийн комиссын хурлаар гишүүд нь бодлогын хүүг 0,25%-иар бууруулах санал гаргаж болох байсан ч харьцангуй ихээр буюу 0,50%-иар бууруулахад нөлөөлсөн гол хүчин зүйл нь АНУ дахь ажилгүйдлийн түвшин нэмэгдсээр байгаатай холбоотой ажээ. Өөрөөр хэлбэл төв банкны мөнгөний “хатуу” бодлого инфляцийн өсөлтийг хазаарлахад сүүлийн 2 жилд үр дүнгээ өгсөн авч, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд хангалттай биш гэж үзэн дээрх шийдвэрийг гаргажээ. АНУ-д шинээр бий болсон ажлын байрны өсөлтийн графикийг доорх зургаас харна уу.
Бодлогын хүү буурснаар банк хоорондын зээлийн суурь хүү (Fed funds rate), багасч улмаар зах зээл дэх мөнгөний нийлүүлэлт ихсэх юм. Бодлогын хүүг тус улсын төв банк 0,50%-иар хамгийн сүүлд 2008 оны санхүүгийн хямралын үеэр бууруулж байжээ.
Зах зээлийн сентимент одоо ямар байна?
Бодлогын хүүг бууруулсан дээрх мэдээ нь нийт зах зээлийн сентиментэд эерэгээр нөлөөлөв. Тухайлбал дээрх мэдээ Лхагва гарагийн шөнө гарснаас хойш биткойн 6%, этэриум 12%, Солана 13%-иар тус тус өсөөд байна. Бусад алткойнууд ч мөн өсөлтийн трендийг эхлүүлээд байна.
Зах зээлийн сентимент өнгөрсөн долоо хоногийн Даваа гарагийн байдлаар 33 буюу айдсын төлөвт байсан бол өнөөдрийн байдлаар 50 буюу айдас, шуналын завсрын саармаг төлөвт шилжсэн байна. Энэ нь зах зээл дэх тоглогчдын сэтгэл зүй өнгөрсөн долоо хоногоос илт сайжирсныг харуулж байна.
БУСАД МЭДЭЭ
Д.ТРАМП ТОКЕН ГАРГАВ
Ерөнхийлөгч асан Д.Трамп өөрийнх нь амийг хөнөөх 2 дахь оролдого гарсны маргааш өдөр нь World Liberty Financial гэх өөрийн крипто төслөө эхлүүлж буйгаа нийтэд зарлав. Хэдийгээр уг төслийн талаарх мэдээлэл одоогоор хангалттай биш байгаа ч тус токены ард ажиллаж буй багынхны мэдээлснээр уг төслийн зорилго нь этэриум блокчэйнд хамаарах криптовалютуудыг зээлэх, зээлдүүлэх зэрэг санхүүгийн үйлчилгээг хэрэглэгчдэд үзүүлэх ажээ.
Тус төсөл нь өөрийн WLFI гэх токеныг гаргаж байгаа бөгөөд токеныг урьдчилсан захиалгаар (pre-sales эсвэл early buy-ins) худалдахгүй ажээ. Тус токены 62,66%-ийг нийтэд худалдах, 17,33%-ийг тус токены коммюнитиг нэмэгдүүлэхэд хожим хөшүүрэг, дэмжлэг хэлбэрээр ашиглах, үлдсэн 20%-ийг уг токеныг гаргаж буй Д.Трампийн баг, зөвлөхүүд, бизнесийн түншүүд эзэмших ажээ.
MICROSTRATEGY НЭМЖ 7,420 ШИРХЭГ БИТКОЙН АВАВ.
Биткойны хамгийн том “булл” гэгдэх MicroStrategy компани өнгөрсөн долоо хоногт нэмж 458.2 сая ам.доллараар 7,420 ширхэг биткойн нэмж худалдан авав. Ингэснээр тус компани нийт 252,220 ширхэг биткойн эзэмших болсон бөгөөд нэгж биткойныг дунджаар 39,266 ам.долларын үнээр худалдан авсан байна. Ингэснээр тус компани нь ойролцоогоор 16 тэрбум ам.доллараар үнэлэгдэх хамгийн их биткойн эзэмшигч, бизнесийн байгууллага болж байна.
ЯПОНЫ БАНК БОДЛОГЫН ХҮҮГЭЭ НЭМСЭНГҮЙ
Дэлхийн улс орнуудын төв банкууд бодлогын хүүгээ бууруулах чиглэл барин ажиллаж байхад Япон улсын төв банк өсгөх эсэх талаар хэлэлцэж байна. Тухайлбал тус улсын төв банк болох Японы банк (Bank of Japan) өнгөрсөн долоо хоногт бодлогын хүүг нэмэх эсэх талаар хэлэлцээд одоогийн 0,25%-ийн бодлогын хүүгийн түвшинг 9-р сард нэмэгдүүлэхгүй байхаар шийдвэрлэснээ өнгөрсөн Баасан гарагт олон нийтэд зарлав.
Тус улсын төв банк бодлогын хүүг 0-ээс бага буюу хасах түвшинд удаан хугацаанд барьсны эцэст инфляцийн өсөлтийг хазаарлах үүднээс энэ оны 3-р сард 0 түвшинд, харин 7-р сард 0,25% болгож нэмэгдүүлсэн билээ. Тус улсын жилийн инфляцийн өсөлт 2,8%-тай байгаа бөгөөд төв банкнаас дэвшүүлсэн зорилтот түвшин нь жилийн 2% ажээ.
КРИПТО ҮНЭ
Даваа гарагийн 09:18 цагийн байдлаар нэгж биткойны үнэ 63,785 ам.доллар байна. Сүүлийн 7 өдрийн байдлаар биткойн 9,01%-ийн өсөлттэй харин сүүлийн 24 цагийн байдлаар 0,91% өсөлттэй байна. Доорх зургаас биткойны үнийн долоо хоногийн чартыг харна уу.
Биткойны үнийн өдрийн график
Биткойны зах зээлийн үнэлгээ Даваа гарагийн 09:19 цагийн байдлаар 1,25 триллион ам.доллар харин нийт криптовалютын зах зээлд эзлэх хувийн жин буюу доминанс нь 59.92% байгаа нь өнгөрсөн долоо хоногийн мөн үеэс нэмэгдсэн байна.
Харин этэриумийн хувьд Даваа гарагийн 09:23 цагийн байдлаар нэгж этэриумийн үнэ 2,610 ам.доллар байна. Сүүлийн 7 өдрийн байдлаар ETH үнэ 13.81%-ийн өсөлттэй, сүүлийн 24 цагийн байдлаар 0.29%-ийн уналттай байна. Доорх зургаас этэриумийн үнийн долоо хоногийн чартыг харна уу.
Этэриумийн үнийн 7 хоногийн график
Этэриумийн зах зээлийн үнэлгээ Даваа гарагийн 09:23 цагийн байдлаар 314 тэрбум ам.доллар, харин нийт криптовалютын зах зээлд эзлэх хувийн жин буюу доминанс нь 14.42% байгаа нь өнгөрсөн долоо хоногийн мөн үеэс нэмэгдсэн байна.
Топ алткойнууд (ETH ороогүй)-ын ханшийн мэдээллийг доорх харьцуулсан зургаас харна уу.
Эх сурвалж:
https://www.cnbc.com/2024/09/18/fed-cuts-rates-september-2024-.html
https://www.schwab.com/learn/story/fomc-meeting
Donald Trump Launches World Liberty Financial, Team Unveils Token Details - Decrypt
MicroStrategy Bought Another $458 Million in Bitcoin This Week - Decrypt
Bank of Japan keeps benchmark interest rate steady as it treads cautiously (cnbc.com)
Cryptocurrency Prices, Charts And Market Capitalizations | CoinMarketCap
АНХААРУУЛГА:
Энэхүү мэдээнд орсон үнийн таамаг, шинжээчдийн мэдээлэл нь санхүүгийн зөвлөгөө биш бөгөөд зөвхөн мэдээллийн чанартай болохыг анхаарна уу!