Буцах
2024-09-23

Том мэдээтэй долоо хоног

Том мэдээтэй долоо хоног

        АНУ-ын төв банк буюу Холбооны нөөцийн сан бодлогын хүүг бууруулах эсэх талаар хуралдаж, хурлын үр дүнг Энэ Лхагва гарагт буюу 9-р сарын 18-ны өдрийн 20:30 цагт олон нийтэд мэдээлнэ. 

Өнгөрсөн долоо хоногт буюу 9-р сарын 11-ний өдөр АНУ-ын өнгөрсөн 8-р сарын инфляцийн өсөлтийг зарлав. Өнгөрсөн 8-р сард тус улсын өргөн хэрэглээний барааны жилийн өсөлт 2,5%-д хүрсэн байна.

Энэ нь 2,6% гэсэн шинжээчдийн таамгаас бага гарсан байна. Энэ долоо хоногийн Лхагва гарагт Холбооны нөөцийн сан буюу төв банк бодлогын хүүг бууруулах эсэх шийдвэрээ гаргах бөгөөд энэхүү мэдээ гарах хүртэл зах зээлийн үнэ ханшид нөлөөлөхүйц томоохон мэдээ дээрх инфляцийн мэдээнээс өөр байхгүй юм. 

Тус улсад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ийнхүү буурч, төв банкны зорилтот 2% руу ойртож байгаа нь АНУ-н төв банк бодлогын хүүг энэ долоо хоногт бууруулах магадлалыг улам нэмэгдүүлэв.

Бодлогын хүү 0,50% -иар буурна гэсэн магадлал өнөөдрийн байдлаар 65%-тай байгаа бөгөөд харин 0,25%-иар бууруулна гэсэн магадлал 35%-тай байна. АНУ-ын Сенатын зарим гишүүд бодлогын хүүг 0,75%-иар бууруулахыг шаардсан захидлыг Холбооны нөөцийн сангийн дарга Ж.Пауэлд бичсэн байна. Энэ жилийн хувьд Холбооны нөөцийн сан бодлогын хүүгийн асуудлыг 3 удаа хэлэлцэх бөгөөд сүүлийн 2 жил гаруйн хугацаанд бодлогын хүү буугаагүй гэдэг утгаараа маргаашийн хурлын үр дүнг зах зээлийн тоглогчид, хөрөнгө оруулагчид удаан хүлээсэн билээ. 


Мөнгөний бодлого зөөлөрч бодлогын хүү буурах нь ам.долларт муу, харин алт болон биткойны үнэд эерэгээр нөлөөлнө хэмээн Грэйскэйл компанийн Судалгааны албаны дарга Zach Pandl онцлов. 


БУСАД МЭДЭЭ


Бутан Улсын биткойн holding

Өмнөд Азийн жижиг улс болох Бутан эзэмшиж буй биткойны хэмжээгээр дэлхийд 4-р орж байгаа талаар крипто судалгааны Аrkham компани мэдээлэв. Тухайлбал тус улс нийт 780 сая гаруй ам.долларын үнэ бүхий 13,011 ширхэг биткойн эзэмшдэг байна. Ихэнх улсууд гол төлөв хакеруудаас биткойн хурааж авсан байдаг бол Бутан улс биткойн олборлох замаар өөрийн биткойны нөөцөө бүрдүүлсэн байна.  

MicroStrategy 700 сая ам.долларын хөрвөх нөхцөлтэй өрийн бичиг гаргана.

Эзэмшдэг биткойны хэмжээгээр дэлхийд хамгийн томд тооцогдох нээлттэй хувьцаат компани болох MicroStrategy 700 сая ам.долларыг хөрвөх нөхцөлтэй өрийн бичиг гаргахаар шийдсэн ажээ. Ийнхүү хөрөнгө босгох нь нэгд өмнөх бондын төлбөрийг хөрөнгө оруулагчдад төлөх, хоёрт шинээр нэмж биткойн авах аж. 

Тус компани өнгөрсөн долоо хоногт л гэхэд нийт 1,11 тэрбум ам.долларын үнэ бүхий 18,300 биткойныг худалдан авснаар нийт 244,800 ширхэг биткойн эзэмших болов. Тус компани 2020 оны 8-р сараас хойш нийт 8,3 тэрбум ам.долларыг биткойнд хөрөнгө оруулсан бөгөөд энэ хөрөнгө оруулалтаас авсан өгөөж нь жилийн 44% байсан ажээ. 

Стейклэгдэж буй этэриумийн тоо оргилдоо хүрэв  

Хэдийгээр криптовалютын зах зээлийн байдал тодорхойгүй, этэриумийн үнэ ханш тогтворгүй байгаа энэ үед стейлэгдэж байгаа этэриумийн тоо одоогоор дээд цэгтээ хүрээд байна. Этэриумийг стейклэх явдал ийнхүү өсч байгааг хөрөнгө оруулагчид этэриумийн ирээдүйд ихээхэн итгэж байгааг харуулж байна гэж шинжээчид дүгнэж байна. Одоогоор зах зээлд нийт 120 сая этэриум эргэлдэж байгаагаас 29%  нь буюу ойролцоогоор 34,2 сая этэриум стейклэгдэж байна.   

Эх сурвалж:

US inflation falls to 2.5% in August (ft.com)

Bitcoin Price Nears $60,000 as Traders Anticipate Jumbo Rate Cut - Decrypt

WuBlockchain Posts on CoinMarketCap

CME FedWatch - CME Group

Bitcoin: MicroStrategy Intensifies Its Strategy And Raises More Funds. (cointribune.com)

Guncel Kripto Posts on CoinMarketCap

Ethereum ETH Staking: Earn Rewards with Coinbase

Зах зээлийн сентимент одоо ямар байна?

 

Зах зээлийн сентимент өнгөрсөн долоо хоногийн өдийд 33 буюу айдсын төлөвт байсан бол өнөөдрийн буюу Мягмар гарагийн байдлаар мөн адил 33 буюу айдсын төлөвт байна. Энэ нь зах зээл дэх тоглогчдын сэтгэл зүй өнгөрсөн долоо хоногоос өөрчлөгдөөгүйг харуулж байна.  


КРИПТО ҮНЭ

Мягмар гарагийн 17:47 цагийн байдлаар нэгж биткойны үнэ 58,850 ам.доллар байна. Сүүлийн 7 өдрийн байдлаар биткойн 2,94%-ийн өсөлттэй харин сүүлийн 24 цагийн байдлаар 0,44% өсөлттэй байна. Доорх зургаас биткойны үнийн долоо хоногийн чартыг харна уу.

Биткойны зах зээлийн үнэлгээ Мягмар гарагийн 17:49 цагийн байдлаар 1,16 триллион ам.доллар харин нийт криптовалютын зах зээлд эзлэх хувийн жин буюу доминанс нь 57.98% байгаа нь өнгөрсөн долоо хоногийн мөн үеэс үл ялиг нэмэгдсэн байна.  




Биткойны үнийн 7 хоногийн график

Техник анализ:

Хэрэв биткойн доорх графикт улаан зураасаар тэмдэглэгдсэн эсэргүүцлийн хөндлөн бүсийг маргаашийн мэдээний нөлөөгөөр дээш сэтлэн өсч чадвал бүх цаг үеийн дээд үнэ (ATH) болох 73,747 ам.долларыг даван шинэ дээд үнэ тогтоох магадлалтай байна.  


Биткойны үнийн өдрийн график

 

Харин этэриумийн хувьд Мягмар гарагийн 17:50 цагийн байдлаар нэгж этэриумийн үнэ 2,311 ам.доллар байна. Сүүлийн 7 өдрийн байдлаар ETH үнэ 1.72%-ийн уналттай, сүүлийн 24 цагийн байдлаар 0.87%-ийн өсөлттэй байна. Доорх зургаас этэриумийн үнийн долоо хоногийн чартыг харна уу.

Этэриумийн зах зээлийн үнэлгээ Мягмар гарагийн 17:51 цагийн байдлаар 278 тэрбум ам.доллар, харин нийт криптовалютын зах зээлд эзлэх хувийн жин буюу доминанс нь 13.86% байгаа нь өнгөрсөн долоо хоногийн мөн үеэс бага зэрэг буурсан байна. 


Этэриумийн үнийн 7 хоногийн график

 

Топ алткойнууд (ETH ороогүй)-ын ханшийн мэдээллийг доорх харьцуулсан зургаас харна уу.  

АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээнд орсон үнийн таамаг, шинжээчдийн мэдээлэл нь санхүүгийн зөвлөгөө биш бөгөөд зөвхөн мэдээллийн чанартай болохыг анхаарна уу!