Буцах
2024-09-11

Биткойн, этэриумийн ETF сангуудаас хөрөнгө оруулагчид мөнгөө татав

КРИПТОВАЛЮТЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ

Өнгөрсөн долоо хоногт биткойн тэргүүтэй криптовалютын зах зээлд үнийн уналт үргэлжлэв. Өнгөрсөн Баасан гарагт биткойн 52,690 ам.дол болтлоо унасан нь энэ оны 3-р сард бүх цаг үеийн дээд үнэ (73,747 ам.дол)-дээ хүрснээс хойш 29% унаад байна. Гэсэн хэдий ч Баасан гарагт АНУ-ын хөдөлмөр эрхлэлтийн 8-р сарын мэдээ гарсны дараа үнэ эргээд өсөв. Өнгөрсөн 8-р сард тус улсад 142 мянган ажлын байр шинээр бий болсон нь 160 мянгаар нэмэгдэнэ гэсэн хүлээлтээс бага байсан байв. Хөдөлмөр эрхлэлтийн мэдээ нь хүлээлтээс ийнхүү бага гарсан нь тус улсын эдийн засгийн байдал сайнгүй байгааг харуулж байгаа бөгөөд энэ нь Холбооны нөөцийн сан буюу тус улсын төв банк бодлогын хүүг энэ 9 сарын 18-нд болох хурлаараа 0.25%-иар бууруулах магадлал (69%) өндөр байгааг харуулж байна. Бодлогын хүү буурахыг хөрөнгө оруулагчид сүүлийн 2 жил гаруй хүлээж байна.

Биткойн, этэриумийн ETF сангуудаас хөрөнгө оруулагчид мөнгөө татав

Өнгөрсөн долоо хоногт биткойн болон этэриумийн ETF сангуудаас хөрөнгө оруулагчид тасралтгүй мөнгөө татав. Тухайлбал 9-р сарын 5-ны өдөр л гэхэд биткойны сангуудаас нийт 211 сая ам.дол, этэриумийн ETF сангуудаас нийт  152,7 сая ам.дол гарсан байна. Хөрөнгө оруулагчид ийнхүү спот биткойны сангуудын хувьцаагаа зарсаар байгаа нь зах зээл дэх тоглогчдын сэтгэл зүй, сентимент айдастай байгааг илэрхийлж байна. Биткойны сангууд өчигдрийг хүртэл 8 өдөр дараалан outflow буюу хасахтай гарснаар нийт 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө гадагшилжээ. Харин өчигдрийн буюу Даваа гарагийн арилжаагаар нийт 28.7 сая ам.долларын хөрөнгө оруулалт дээрх сангуудад эргэн оржээ.

OpenSea Үнэт цаасны хорооноос сануулга авав

NFT зах болох OpenSea -д АНУ-ын Үнэт цаасны хорооноос Wells Notice буюу хуулийн сануулга илгээжээ. Энэхүү сануулгыг хүлээн авна гэдэг нь АНУ-ын хууль сахиулах байгууллагын зүгээс тухайн сануулга авсан байгууллагын эсрэг удахгүй хяналт, шалгалт оруулах улмаар шүүхэд нэхэмжлэл гаргаж магадгүйг илэрхийлдэг. OpenSea захыг үүсгэн байгуулагч Дэвин Финзер хэлэхдээ тус байгууллагыг хууль зөрчсөн эсэхийг шалгахаар болсон нь төрөөс уран бүтээлчдийн хүсэл зоригийг мохоох гэсэн алхам болж байна гэж үзэж буйгаа илэрхийлжээ. NFT хэмээх богинохон түүхтэй салбарын төлөөлөл түүхэндээ анх удаа Wells Notice-ийг ийнхүү авав. АНУ-ын Үнэт цаасны хороо энэ онд криптовалютын зах зээлийн тоглогчдын эсрэг нийт 4,7 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан нь өнгөрсөн жилийнхээс 3000%-аар нэмэгдсэн байна.

Путин: Орос бол дэлхийн шилдэг биткойн олборлогчдын нэг

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Eastern Economic Forum дээр хэлсэн үгэндээ Орос улс дэлхийн шилдэг биткойн олборлогч улс болсон хэмээн мэдэгдэв. Сибирийн бүс нутаг дахь илүүдэл эрчим хүчний эх үүсвэрт түшиглэн тус улс өнгөрсөн онд нийт 54,000 ширхэг биткойн олборлосон бөгөөд үүний үр дүнд төсөвт 550 сая ам.долларыг татвар хэлбэрээр татан төвлөрүүлсэн байна. Тус улс Криптовалютын тухай хуулийг батлаад удаагүй байгаа бөгөөд уг хуулийн үр нөлөөгөөр крипто салбарт орох хөрөнгө оруулалт цаашид нэмэгдэх төлөвтэй байгаа ажээ.  

Microstrategy -ийн хөрөнгө оруулалтын өгөөж хэнийг ч дагуулахгүй

АНУ-ын MicroStrategy компанийн 2020 оны 8-р сараас хойших биткойнд хийсэн хөрөнгө оруулалт жилд дунджаар 44% -ийн өгөөжийг өгсөн нь S&P500 индексийн дундаж 12%-ийн өгөөжийг хол хаясан тухай тус компанийн ТУЗ-ийн дарга Michael Saylor мэдэгдэв. Тэрээр хэлэхдээ манай компанийг өсөлтөөрөө дээрх шилдэг 500 компанийн аль нь ч гүйцэхгүй. Хувьцааны үнэ ханш нь 821% өссөн, хиймэл оюун ухааны хагас дамжуулагч чип үйлдвэрлэгч Nvidia хүртэл гүйцэхгүй хэмээн мэдэгджээ.

Энэ долоо хоногийн онцлох мэдээ

Энэ долоо хоногт буюу 9-р сарын 11-ний өдрийн 20:30 цагт АНУ-ын өнгөрсөн 8-р сарын инфляцийн мэдээ зарлагдана. Шинжээчдийн үзэж буйгаар өргөн хэрэглээний барааны үнэ өнгөрсөн сард өмнөх сараас 0,2%-иар өснө гэж таамаглаж байна. Харин жилийн өсөлт 2.6% -д хүрч буурна гэж таамаглаж байна.

 

Эх сурвалж:

https://decrypt.co/248206/this-week-in-coins-ethereum-and-bitcoin-continue-bleeding-as-telegram-drama-continues

https://decrypt.co/248179/bitcoin-price-flirts-with-55000-as-etfs-see-seventh-day-of-outflows

https://www.morningstar.com/economy/forecasts-august-cpi-report-show-inflation-easing-further

https://www.jdsupra.com/legalnews/weekly-blockchain-blog-september-2024-1826979/

https://cointelegraph.com/news/what-happened-in-crypto-today

https://finance.yahoo.com/news/bitcoin-etfs-post-28-7m-050430347.html

https://cointelegraph.com/news/what-happened-in-crypto-today


Зах зээлийн сентимент одоо ямар байна?

Зах зээлийн сентимент өнгөрсөн долоо хоногийн өдийд 26 буюу айдсын төлөвт байсан бол өнөөдрийн буюу Мягмар гарагийн байдлаар мөн адил 33 буюу айдсын төлөвт байна.


КРИПТО ҮНЭ

Мягмар гарагийн 14:07 цагийн байдлаар нэгж биткойны үнэ 56,794 ам.доллар байна. Сүүлийн 7 өдрийн байдлаар биткойн 3,68%-ийн уналттай харин сүүлийн 24 цагийн байдлаар 3,72% өсөлттэй байна. Доорх зургаас биткойны үнийн долоо хоногийн чартыг харна уу.

Биткойны зах зээлийн үнэлгээ Мягмар гарагийн 14:15 цагийн байдлаар 1,12 триллион ам.доллар харин нийт криптовалютын зах зээлд эзлэх хувийн жин буюу доминанс нь 57.26% байна. 

Биткойны үнийн 7 хоногийн график


Харин этэриумийн хувьд Мягмар гарагийн 14:08 цагийн байдлаар нэгж этэриумийн үнэ 2,345 ам.доллар байна. Сүүлийн 7 өдрийн байдлаар ETH үнэ 6.79%-ийн уналттай, сүүлийн 24 цагийн байдлаар 2.35%-ийн өсөлттэй байна. Доорх зургаас этэриумийн үнийн долоо хоногийн чартыг харна уу.

Этэриумийн зах зээлийн үнэлгээ Мягмар гарагийн 14:12 цагийн байдлаар 282 тэрбум ам.доллар, харин нийт криптовалютын зах зээлд эзлэх хувийн жин буюу доминанс нь 14.38% болж буурсан байна. 

Этэриумийн үнийн 7 хоногийн график


Топ алткойнууд (ETH ороогүй)-ын ханшийн мэдээллийг доорх харьцуулсан зургаас харна уу.  


АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээнд орсон үнийн таамаг, шинжээчдийн мэдээлэл нь санхүүгийн зөвлөгөө биш бөгөөд зөвхөн мэдээллийн чанартай болохыг анхаарна уу!