Буцах
2024-01-15

Криптовалютын зах зээлийн өнөөгийн байдал

Крипто зах зээлийн нийт үнэлгээ ба BTC, ETH доминанс


Крипто зах зээлийн нийт үнэлгээ өнөөдрийн байдлаар 1.59 триллион ам.доллар байна. Өнгөрсөн Даваа гарагтай харьцуулахад зах зээлийн үнэлгээ бага зэрэг буурчээ. Нийт крипто зах зээлд эзлэх биткойн (BTC)-ы хувийн жин буюу доминанс өнөөдрийн байдлаар 54% байгаа нь өнгөрсөн долоо хоног (51.71%)-оос 4.3%-иар өссөн үзүүлэлттэй байна. Харин этэриум (ETH)-ийн хувийн жин өнөөдөр 16.69% байгаа нь өнгөрсөн долоо хоног (17.05%)-оос 2.3%-аар буурав.


 


Зах зээлийн сентимент ямар байна вэ?

Крипто зах зээл дэх тоглогчдын сэтгэл зүйн байдал өнөөдрийн байдлаар Айдас ба шуналын индексийн дагуу 71 гэсэн үзүүлэлттэй байна. Өнгөрсөн долоо хоногт энэ үзүүлэлт 65 байсантай харьцуулахад хөрөнгө оруулагчдын итгэл, өөдрөг байдал сэргэсэн байна.


 



Крипто үнэ

Биткойны үнийн хувьд өнөөдөр буюу Даваа гарагийн 09:34 цагийн байдлаар 43,724 ам.долларын үнэтэй буюу сүүлийн 7 өдрийн байдлаар үнэ 2.35% өсөөд байна.




Алткойнууд: Сүүлийн 7 хоногийн байдлаар зах зээлийн үнэлгээгээр эхний 5-д орох алткойнуудын үнэ бүгд унасан байдалтай байна.


 



Өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдлууд

Matrixport-ийн таамаглал үнэ унагав уу?

Өнгөрсөн долоо хоногийн эхээр 45,450 ам.доллар хүрээд байсан биткойны үнэ Лхагва гарагт 10% хүртэл унав. Ийнхүү үнэ унасан шалтгааныг шинжээчид криптовалютын цогц үйлчилгээ үзүүлэгч Matrixport-ийн жиргээтэй холбож байна.



Matrixport-ийн жиргээний гол агуулга:

  1. АНУ-ын Үнэт цаасны хороо биткойны ETF-үүдийг батлахгүй. Учир нь одоогийн засгийн газар биткойныг албан ёсны хөрөнгө гэж үзэн, дэмжих улс төрийн шалтгаан байхгүй;
  2. Үнэт цаасны хорооны саналын эрхтэй 5 комиссарын олонхи (3) нь Ж.Байданы санал болгосны дагуу томилогдсон эрх баригч намын хүмүүс;
  3. 2024 оны 2-р улиралд спот биткойны ETF батлагдаж магадгүй;
  4. Үнэт цаасны хороо ETF хүсэлтүүдэд 1-р сард татгалзсан хариу өгвөл нэгж биткойны үнэ буцаад 36-38,000 руу унах магадлалтай.

Зарим “крипто бул”-уудын үзэж буйгаар Matrixport-ийн дээрх таамаглалд ямар ч шинэ юм байхгүй, гэхдээ дээрх жиргээ нь үнийн их хэмжээний халалт үүсгэсэн үед гарсан тул “panic sell“ үүсгэж үнийг унагасан гэж үзэв. Дээрх 10%-ийн 2 цаг үргэлжилсэн огцом уналтын уршгаар дор хаяж 500 сая ам.долларын үнэ бүхий “long“ арилжаа “liquidated” болж, шатав.

Matrixport-ийн тухай

Matrixport нь биткойн олборлогч төхөөрөмж бүтээдэг дэлхийн хамгийн том компаниудын нэг Хятадын Bitmain-ийг хамтран үүсгэн байгуулсан Wu Jihan-ий 2019 онд байгуулсан компани юм. Matrixport нь криптовалютын хадгаламж, зээл, арилжааны цогц үйлчилгээ явуулдаг, Сингапурт төвтэй компани юм.



Үнэт цаасны хороо анхааруулга гаргав

Спот биткойны биржээр арилждаг сан (ETF) байгуулах хүсэлтүүдэд АНУ-ын Үнэт цаасны хороо энэ долоо хоногт албан ёсны хариугаа өгөхөөс өмнө буюу 1-р сарын 6-ны өдөр олон нийтэд хандан анхааруулга гаргажээ. Энэхүү анхааруулгын гол агуулга нь криптовалютад хөрөнгө оруулалт хийхдээ бусдыг даган FOMO-рохгүй байхыг зөвлөжээ. Өмнө нь Үнэт цаасны хороо 2022 оны 3-р сард үүнтэй ижил төрлийн анхааруулга гаргаж байжээ.

Тайлбар: FOMO (Fear of missing out) буюу ямар нэгэн таатай боломжоос хоцорчихлоо гэж айн өөрийн бодолгүйгээр криптовалют руу хөрөнгө оруулалт хийхийг хэлдэг.



 




Энэтхэг 9 оффшор крипто биржийг блоклов

Энэтхэгийн Засгийн газар тус улсад оффшор хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг гадаадын 9 крипто биржийн URL-ийг блоколсон байна. Эдгээр биржүүдэд Binance, KuCoin, Huobi, Kraken, Gate.io, Bittrex, Bitstamp, MEXC Global, Bitfinex орж байна. Шалтгаан нь эдгээр биржүүд Мөнгө угаах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн, тус улсын Санхүүгийн тагнуулын албанд албан ёсоор бүртгүүлж, тусгай зөвшөөрөл аваагүй гэж үзжээ.



Энэтхэг улс криптовалютын талаар нэлээн “хатуу” бодлого баримталж байгаа улсуудын нэг юм. Тухайлбал криптовалют арилжсанаас олсон ашиг (capital gains tax)-т ногдуулах татвар 30% байгаа нь тус улсад ногдуулж буй бусад төрлийн ашгийн татваруудаас өндөр байгаа ажээ. Мөн өнгөрсөн 3-р сараас эхлэн тус улсад албан ёсоор бүртгэлтэй дотоодын 31 биржүүдээр KYC буюу “хэрэглэгчдээ танин мэдэх” шаардлагыг мөрдүүлж эхэлжээ. Түүнчлэн тус улсын төв банкны ерөнхийлөгч “Криптовалют бол мөрийтэй тоглоомын нэг хэлбэр“ хэмээсэн, мөн Ерөнхий сайд Н.Моди крипто салбарыг сайтар зохицуулах ёстой гэж мэдэгдэж байв.



Энэ долоо хоногийн онцлох

Энэ долоо хоногийн Мягмар эсвэл Лхагва гарагт спот биткойны биржээр арилждаг сан байгуулах 12 компанийн хүсэлтэд Үнэт цаасны хороо албан ёсны хариу өгнө. Удаан хугацааны туршид хүлээлт үүсгээд байгаа энэхүү шийдвэр нь биткойны үнэд савалгаа үүсгэх магадлал өндөр байна.





Энэхүү мэдээнд орсон үнийн таамаг, шинжээчдийн мэдээлэл нь санхүүгийн зөвлөгөө биш бөгөөд зөвхөн мэдээллийн чанартай болохыг анхаарна уу!