Буцах
2023-12-12

Криптовалютын зах зээлийн өнөөгийн байдал

Криптовалютын үнэ, ханш


Биткойн: Өнгөрсөн долоо хоногт биткойн 13.4% -иар өсөв. Гэсэн хэдий ч өнөөдөр буюу Даваа гарагийн өглөө гэнэт 7.16% унав. 14:09 цагийн байдлаар нэгж биткойны спот үнэ 42,052 ам.доллар байна.


Биткойны үнийн 15 минутын график. Даваа гарагийн уналтыг харуулав


Биткойн сүүлийн 8 долоо хоногийн турш дандаа ногоон буюу өсөлттэй хаагдсан бөгөөд хэзээ түр зуурын уналт ирэхийг асуусан Wolf of All Streets-ийн Скотт Мелкер X-дээ жиргэсний дараа үнэ унаж таарав. Өнөөдрийн үнийн уналт нь сүүлийн нэг сарын гаруйн хугацаанд нэг өдрийн дотор унасан хамгийн хүчтэй уналт боллоо.




Алткойнууд: Этэриум (ETH) өнгөрсөн долоо хоногт 9.3%-ийн өсөлт үзүүлсэн хэдий ч Даваа гарагийн өглөө 8.84%-иар унав. Өнөөдөр 14:26 цагийн байдлаар нэгж этэриумийн үнэ 2,234 ам.долларын үнэтэй байна.

Өнгөрсөн долоо хоногт хамгийн өндөр өсөлтийг үзүүлсэн зах зээлийн үнэлгээ өндөртэй алткойнуудыг Avalanche (AVAX) 80%, Cardano (ADA) 62%-ийн өсөлттэйгээр тэргүүлэв.

Өнгөрсөн долоо хоногт “Meme coin“-ууд мөн л өсөлттэй байлаа. Тухайлбал Pepecoin 40%, Dogecoin 20%, Shiba inu 21% тус тус өсчээ. Солана суурьтай Bonk хэмээх нохойны зурагтай “meme coin” 188% өсөв.

Бонк токены үнийн 7 хоногийн график. 1 лаа нь 1 долоо хоногийн үнийн хөдөлгөөнийг харуулна




Үнэ цаашид яах вэ?


Энэ долоо хоногт 11-р сарын инфляцийн мэдээ гарна. Мөн Холбооны нөөцийн сангийн Нээлттэй зах зээлийн комисс хуралдаж бодлогын хүүг хэлэлцэнэ. Дээрх мэдээнүүд биткойны үнэд нөлөөлөх магадлалтай.

Биткойны үнийн долоо хоногийн график дээр богино цагийн буюу сүүлийн 50 долоо хоногийн үнийн дундаж (50MA) урт цагийн буюу 200 долоо хоногийн үнийн дундаж (200MA)-ийг дээш огтлох “Алтан огтлолцол“ (Golden cross) үүсэх дөхөж байгааг арилжааны техник шинжээчид онцолж байна. “Алтан огтлолцол” болох нь үнийн өсөлтийн дохио бөгөөд “Алтан огтлолцол” биткойны хувьд 7 хоногийн үнийн график дээр өмнө нь хэзээ ч болж байгаагүй ажээ.


Биткойны үнийн долоо хоногийн график


Биткойн сангийн биржээр арилжаалагддаг хувьцаа (ETF) гаргах хүсэлтэд Үнэт цаасны хороо 2024 оны 1-р сарын 10-ны өдөр нааштай хариу өгнө гэсэн өөдрөг байдал, хүлээлт хэвээрээ байна. Хөрөнгө оруулалтын менежментийн Van Eck компанийн үзэж буйгаар спот биткойны ETF гаргах хүсэлтээ гаргасан 12 компанийн хүсэлтүүд бүгд батлагдах магадлалтай бөгөөд ингэсэн тохиолдолд эхний улиралд 2.4 тэрбум ам.доллар биткойн руу орох бөгөөд 2024 онд биткойны үнэ 100,000 ам.доллар хүрч өснө гэсэн тооцоо гаргажээ.


Зах зээлийн сентимент ямар байна вэ?

Крипто зах зээл дэх тоглогчдын сэтгэл зүйн байдал Айдас ба шуналын индексийн дагуу 74 гэсэн үзүүлэлттэй байна. Өнгөрсөн долоо хоногт энэ үзүүлэлт мөн адил 74 үзүүлэлттэй байсан нь хөрөнгө оруулагчдын итгэл, өөдрөг байдалд ялгаа гараагүйг илтгэж байна.


Крипто зах зээлийн Айдас ба шуналын индекс




Казахстан улс 980 тусгай зөвшөөрөлгүй крипто биржүүдийг блоклов


Казахстаны Санхүүгийн хяналтын агентлаг хууль бус биржийн үйл ажиллагаа болон мөнгө угаалттай тэмцэх хүрээнд 2023 онд нийт 9 хяналт, шалгалтын ажиллагаа явуулсан байна. Үүний дүнд тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан 980 гаруй крипто биржийн вэб хуудсыг блоколсон байна. Тус улс 2023 оны 2-р сард Цахим хөрөнгийн тухай хууль баталсан бөгөөд уг хуулийн дагуу шинээр койн, токен гаргах болон биржийн үйл ажиллагаа эрхлэхэд заавал тусгай зөвшөөрөл авах ёстой ажээ. Дээрх 980 хууль бус биржийн дотор гүйлгээний эргэлтийн хэмжээгээрээ дэлхийд хоёрт ордог Coinbase бирж хүртэл байгаа бөгөөд тус биржийн арилжааны платформ бүхий вэбсайтыг блок хийсний улмаас Казахстаны иргэд арилжаа хийх боломжгүй болсон байна.



2023 оны 11-р сарын 7-ны өдрийн байдлаар Binance, Bybit, CaspianEx, Biteeu, Upbit, Xignal&MT биржүүд тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Казахстаны Засгийн газар криптовалютын салбарыг зохицуулах талаар нэлээн хатуу бодлого баримталж байгаа. Тус улс биткойн олборлолтын хэмжээгээр АНУ-ын дараа ордог бөгөөд Казахстанд олборлолт хийж буй 8 том компани нэгдэн эрчим хүчний үнийг бууруулах хүсэлтийг Ерөнхийлөгч Кассим-Жомарт Токаевт энэ оны 10-р сард илгээсэн билээ.

Тус улс 2022 оны 1-р сард хууль гарган биткойн олборлогчдын эрчим хүчний хэрэглээнд ногдуулдаг татварын хэмжээг нэмснээс үүдэн олборлогчид хүнд байдалд ороод байгаа юм байна. Казахстанд 1 киловатт цагийн эрчим хүчний зардал дээд талдаа 0.067$ байгаа нь АНУ-ын дундаж зардал болох 0.12$-аас бага байгаа юм.




Шүүгч: CZ АНУ-д байх ёстой

АНУ-ын Сиатл хотын дүүргийн шүүхийн шүүгч Ричард Жонес Binance биржийн гүйцэтгэх захирал CZ-г ирэх оны 2-р сарын 23-ны өдөр болох шүүх хурал хүртэл АНУ-аас гарахыг хориглосон захирамжийг 12-р сарын 7-ны өдөр гаргажээ. Шүүгчийн үзэж буйгаар CZ АНУ-аас гарч байнга оршин суудаг Дубай явах нь шүүх хуралд эргэн ирэхгүй байх өндөр эрсдэлтэй гэж үзэн дээрх шийдвэрийг гаргажээ.



CZ-г дээрх шүүхээс мөнгө угаасан гэж үзэн энэ оны 11-р сарын 21-ний өдөр гэм буруутайд тооцсон билээ. Тэрээр шүүхийн шийдвэрийг давж заалдахгүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд одоо батлан даалтад гараад байгаа юм. CZ нь 18 сар хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгүүлж магадгүй байгаа аж.



Энэ долоо хоногт чухал ямар мэдээтэй вэ?

  1. Өнгөрсөн 11-р сарын инфляцийн мэдээ 12-р сарын 12-ны Мягмар гарагийн 20:30 цагт (Монголын цагаар) зарлагдана. Зах зээлийн хүлээлт (3%)-ийн дагуу инфляцийн хувь хэмжээ буурна гэж үзэж байна. Хэрэв инфляц хүлээлтийн дагуу буурвал ирэх хавраас Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ бууруулах магадлал нэмэгдэхээр байна.
  2. Холбооны нөөцийн сангийн Нээлттэй зах зээлийн комисс 12-р сарын 12-13-ны өдрүүдэд хуралдаж бодлогын хүүгийн талаар хэлэлцэнэ. Хурлаас гарах үр дүнг 12-р сарын 14-ний Пүрэв гарагийн өглөөний 2:00 цагт (Монголын цагаар) зарлана.





Энэхүү мэдээнд орсон үнийн таамаг, шинжээчдийн мэдээлэл нь санхүүгийн зөвлөгөө биш бөгөөд зөвхөн мэдээллийн чанартай болохыг анхаарна уу!